Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат, ард олонд "Мээтэн" хэмээн алдаршсан Монгол Улсын арслан Ономжавын Аюурын нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан өнөөдөр боллоо.
Уг барилдаанд “Ховд” дэвжээний бөх, улсын аварга О.Хангай түрүүлж, Сүхбаатар аймгийн “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Н. Өсөхбаяр үзүүрлэв.
Дөрөвт Баянхонгор аймгийн "Их Богд" дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх улсын өсөх идэр начин Ч.Батчулуун нар шалгарлаа. Наймд улсын арслан Р.Пүрэвдагва, улсын заан М.Лхагвагэрэл, улсын харцага Б.Цэдэнсодном, улсын начин Д.Амарсайхан нар үлдэв.
Уг барилдааны түрүү бөх 5 сая, үзүүр бөх 3 сая, их шөвгийн бөхчүүд тус бүр 1,5 сая төгрөг гардсан бол барилдсан бөхчүүд, ажилласан жаяг дэгийн багийн гишүүдээс хагас саятан хоёр, хүндэт зочдоос хагас саятан гурав, тасалбар худалдан авсан үзэгчдээс хагас саятан дөрөв, нийт есөн азтан тодруулсан юм.
Мөн ОХУ-ын Тува улсын 2023 оны баяр наадамд тав даван шөвгөрсөн улсын харцага Н.Золбоод Тува улсын Ерөнхийлөгчийн зарлигаар НАЧИН цол олгосныг тус улсын спортын сайд болон бөхийн холбооны төлөөлөл хүрэлцэн ирж гардууллаа.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!