Ц.Мөнхсоёл: Хүний хань, хүүхдийн ээж болоод түр хугацаанд уран бүтээлээсээ завсарлах шийдвэр гаргасан ч нэг л мэдэхэд 10 жил өнгөрчихсөн байна

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
7 минут 5 секунд

"Дуулмаар дуулмаар аав ээж хоёр минь", "Аавдаа очмоор болох юм" зэрэг олон сайхан хит дуугаараа үзэгч сонсогчдынхоо сэтгэлд хоногшсон дуучин Ц.Мөнхсоёл урлагтаа эргэн ирж, хуучны дуу, уран бүтээлээ шинэчилж дуулахаас гадна шинэ уран бүтээлүүдээрээ үзэгч сонсогчиддоо бэлэг барихаар зэхэж байна. Уран бүтээлээсээ завсарлага аваад 10 жилийн дараа эргэн ирж буй дуучин Ц.Мөнхсоёлтой уулзаж, цөөн хором ярилцлаа.

-10 гаруй жил урлагаас хол байлаа. Эргээд дуу, уран бүтээлтэйгээ нөхөрлөх ямар мэдрэмж төрүүлж байна?

-Үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрж байгаа. 20 гаруй жилийн өмнө дуулсан дуугаа дахиад дуулахдаа яг л анх удаа дуулж байгаа юм шиг сандарч бас догдолж байсан. Клипний зураг авалтад орох гээд үс, нүүрээ янзлуулсан чинь үсний лакныхаа үнэрийг хүртэл маш их санасан байна лээ.

-Хуульчаар ажиллаж байгаа гэх мэдээлэл цацагдаж байсан. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд юу амжуулав?

-Миний хувьд Эрхзүйч мэргэжилтэй. 2002-2006 онд “Улаанбаатар Эрдэм Судлал” дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Хүмүүс зүгээр нэг хоббигоороо дуулаад байгаа хуульч мэргэжилтэй бүсгүй гэж хардаг. Би СУИС-ийг 2003 онд МУГЖ, дэд профессор н.Найдалмаа, СТА Т.Энхтуул гээд хоёр сайхан багшийнхаа удирдлага дор дуурийн дуулаачаар, бүр тодотговол гоцлон дуулаач гэдэг мундаг мэргэжлээр төгссөн. Энэ мэргэжил маань миний бахархал. Тэгэхээр би мэргэжлийн дуучин хүн. Дуу, уран бүтээлээсээ түр хөндийрөх хугацаандаа Төрийн банкны маркетинг олон нийттэй харилцах газарт маркетингийн менежерээр 7 жил ажилласан. Одоо буцаад уран бүтээлдээ орох гэж байгаа учраас ажлаа албан ёсоор өгсөн. Түүнээс гадна Алдарт ээж гэдэг маш том ажлыг амжууллаа.

-Яагаад уран бүтээлдээ эргэж орохоор шийдэв?

-Урлагийн хүн гэдэг урлагийн хүн л байдаг юм байна лээ. Тайзаа маш их санасан. Урлагийн хүн гэдэг яс цусандаа байдаг юм уу. Сэтгэл зүрх орхигдохгүй байсан учраас буцаад уран бүтээлдээ орсон. Тайзаа маш их үгүйлсэн байна лээ. Ард түмнээ санасан байна. Өнгөрсөн жил "Дуулмаар дуулмаар аав ээж хоёр минь" дуугаа шинэчилж дуулчихаад Үндэсний телевизийн цагаан сарын нэвтрүүлэгт ороход хүмүүс "Энэ дуучин амьд юм уу. Дуу уран бүтээлд нь дуртай" гээд маш олон сайхан сэтгэгдэл үлдээсэн байсан. Тэгэхээр миний дуунд дуртай хүмүүс ч намайг эрж, хайж бага ч болов үгүйлсэн юм байна гэх бодол төрж, үнэхээр сайхан мэдрэмж авсан.

-Тэгвэл 10 жилийн өмнө яагаад урлагийн салбараасаа холдож, хөндийрөхөөр шийдсэн юм бол?

-Миний хувьд дуулахаа болино гэж шийдээд хөндийрсөн зүйл байхгүй. Амьдралын эрхээр арга буюу хөндийрсөн. Хүний хань, хүүхдийн ээж болоод түр хугацаанд завсарласан ч нэг л мэдэхэд 10 жил өнгөрчихсөн байна.

-Хуучны дуунуудаа шинэчилж дуулж байгаа гэж сонссон?

-14 хоногийн өмнө "Аавдаа очмоор болох юм" дуугаа МУСТА дуучин Б.Отгончимэг найзтайгаа хамтарч, шинэчилж дууллаа. 21 жилийн өмнө аавдаа зориулж бүтээсэн дуун суваргаа сэргээж дууллаа.

-Шинэ уран бүтээлийн төлөвлөгөө юу байна?

-Ирэх жил тоглолтоо хийх төлөвлөгөөтэй байна. Шинэ уран бүтээлийн тухай бол нийгмээрээ шашин шүтлэгийн талаар эерэг ойлголттой болсон учраас бурхны сургаалийг магтан дуулсан дуу уран бүтээл гаргахыг зорьж байна. Мөн дуучин Ж.Эрдэнэдалай ах, Б. Сэрсэндэмид Б. Отгончимэг найзтайгаа хамтарч Ойрд түмний дууг дуулахаар төлөвлөж байна. Сар шинийн баяраас өмнө гаргахаар ажиллаж байгаа. Надад ханийн тухай хайрын тухай дуу байдаггүй юм байна лээ. Тиймээс хайрын тухай, хуримын тухай сайхан дуу хийхийг зорьж байна. Найзуудын уран бүтээл хийгээч гэсэн хүсэлт ч бас их ирдэг. Тэгэхээр ганцаарчилсан уран бүтээлдээ илүү төвлөрч ажиллах төлөвлөгөөтэй байна.

-Таны урын санд нийт хэчнээн дуу байдаг вэ?

-Дуучин Ц.Мөнхсоёл гэдэг дуучин 30 гаруй дуу, уран бүтээлтэй. Үүнээс 5 дуу нь хүнд хүрсэн. Одоог хүртэл дуулагдаад явдаг юм байна лээ. 30 дуунаас 5-ыг нь хүнд хүргэчихсэн гэхээр тухайн цаг үедээ овоо хөдөлмөрлөсөн байна гэж өөрийгөө дүгнэж байгаа.

-Таныг анх гарч ирэх үед нийтийн дуу ид хүчээ авч байсан. Өнөөдөр бол эсрэгээрээ зах зээл нь улам л хумигдаад байгаа юм шиг ажиглагддаг. Таны хувьд эргээд урлагийн замыг сонгоход орон зай хэр байгаа гэж бодож байна вэ?

-Орон зай мэдээж байгаа. Тухайн цаг үеийн одоотой харьцуулахад өөрчлөгдсөн зүйл их байгаа ч Ц.Мөнхсоёлыг сонсдог тодорхой хэмжээний зах зээл байгаа гэж бодож байгаа.

- Яг энэ цаг мөчид анх тайзан дээр гарсан үеэ дурсвал сонин байх болов уу?

-Миний хувьд өөрөө л дуулах сонирхолтой, бүх зүйлд оролцдог хүүхэд байсан. Тэр хүсэл эрмэлзлийг ээж минь их дэмждэг байлаа. Увсын Зүүнхангай сумын 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй чуулгын гишүүн сурагч ийш тийш явж уралдаан, тэмцээн, урлагийн үзлэгт оролцоно. "Найрамдал" зусланд амарч ч явлаа. Тоорцог, монгол гутал, дээл хувцас, даашинз бүх зүйлийг ээж өөрөө урлаад өгчихдөг. “92-ын” гэгддэг их үнэтэй торгыг шууд эсгээд дээл оёж өмсгөнө. Том, том цэцэглэсэн ленттэй, тоорцог малгайтай, торомгор нүдтэй жижигхэн охин тайзан дээр дуулахаар хүмүүс өхөөрддөг. Миний аав, ээж их дэмжиж, бүх талаар тусалдаг учраас урлагийн хүн болоход нөлөөлсөн байх.

Л.Оюун-Эрдэнэ: Нүүрсний үнийг одоогийнхоор байна гэж бодож болохгүй юм байна лээ
Л.Оюун-Эрдэнэ: Нүүрсний үнийг одоогийнхоор байна гэж бодож болохгүй юм байна лээ
 
Ченжүүд: Х.Нямбаатар уучлалт гуйхгүй бол шүүхэд хандана
Ченжүүд: Х.Нямбаатар уучлалт гуйхгүй бол шүүхэд хандана
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!