Засгийн газрын хуралдаанаар "Шүүх байгуулах тухай хуулийн төсөл"-ийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн. Тэгвэл үүнтэй холбогдуулан ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,
"Шүүхийн системийн хэмжээнд шүүхийг бүрэн цахимжуулах төсвийг 100 хувь 2024 оны төсөвт суулгасан.
Мөн Шүүх байгуулах тухай хууль хэрэгжихтэй холбоотойгоор нийт 350 тэрбум төгрөгийн төсөв гарч ирсэн. Үүний 275 орчим тэрбум төгрөг нь шүүхийн барилга байгууламжтай холбоотой төсөв байгаа. Үүнийг улсын төсвөөр шийдвэрлэхэд төвөгтэй. Тиймээс Шүүх байгуулах тухай хуулийг дагалдуулж, УИХ-ын тогтоолын төсөл оруулж байгаа. Энэ хуулиар шүүхийн байртай холбоотой асуудлыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр шийдвэрлэнэ.
Ингээд шүүхийн байртай холбоотой хэд хэдэн шилжилт хийнэ. Бидний зорилго "Гэр бүл, хүүхдийн шүүх"-ийг олон улсын жишигт нийцсэн байртай болгоно. Хүүхэд үйлчлүүлэхэд таатай, чөлөөтэй байх орчин нөхцөлийг бүрдүүлж, орчин үеийн шүүх байгуулах дээр анхаарна" гэлээ.