Усны газраас нүхэн жорлонгоос үүдэлтэй ундны усны бохирдол болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр Усны газрын дарга З.Батбаяр дараах мэдээллийг өгөв. Тэрбээр,
"Нийслэл хотод 680 мянган нүхэн жорлон байна. Жорлонг хэд хэд ангилж байгаа. Тодруулбал,
- Нэгдүгээрт, Аялал жуулчлалын жорлон
- Хоёрдугаарт, Гэр хорооллын жорлон.
Монгол Улсын нийт хүн амын 3-ны 2 нь гэр хороололд амьдарч байна. Гэр хороолол гэдэг үгний цаана нүхэн жорлон бий. Тэгэхээр манай улсын нийт иргэдийн 3 хүн тутмын 2 нь нүхэн жорлон ашиглаж байна гэсэн үг. Үүнээс үүдэж Улаанбаатар хотод ундны ус бохирдож эхэлж байна. Ундны усыг хоёр салгаж ойлгох хэрэгтэй.
- Нэгдүгээрт, Төвлөрсөн усан хангамж буюу УСУГ-аас хангаж буй ус. Энэ ус нь найдвартай. Өглөө болгон шинжилгээ хийгдэж буй.
- Үлдсэн хэсэг нь буюу 17 мянган худгаас ус ууж байгаа хүмүүс. Нэг худгийг тойроод 40 жорлон байна. Тэгэхээр худаг цэвэрхэн байх үндэс байна уу.
Мөн энэ есдүгээр сард хийсэн хэд хэдэн шинжилгээгээр Сэлбэ голын уснаас гэдэсний савханцар илэрсэн.
Тиймээс аялал жуулчлалын жорлонгийн асуудал болон гэр хорооллын жорлонгийн асуудал нь тусдаа мэт боловч нэг нь бидний орлого олох боломжийг хааж байна. Нөгөөх нь эрүүл байх боломжийг хааж байна. Эцсийн дүнд гол ус бохирдож байна" хэмээв.