ЭМЯ-наас Ковид-19 халдвартай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
Өчигдөр буюу наймдугаар сарын 2-ны өдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораториудад нийтдээ 429 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг буюу коронавирус илрээгүй байна.
Үүнд, долдугаар сарын 2-нд Сөүл-Уб-ын онгоцоор ирсэн зорчигчдын давтан шинжилгээ, Афганистанаас ирсэн цэрэг дайчдын давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй 3 эмч, ажилчдын шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдаж буй 8 хүний давтан шинжилгээ, Алтанбулгийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 30 жолоочийн шинжилгээ тус тус багтсан байна.
Өнөөдрийн байдлаар манай улсад нийт батлагдсан тохиолдол 293, үүнээс эдгэрсэн 230, эмчлэгдэж буй 63 хүн байна. Уг 63 хүний 60 хүний биеийн байдал хэвийн, 3 хүний биеийн байдал хүндэвтэр байна.