Дэлхийн 216 улс, нутаг дэвсгэрт бүртгэгдэн цар тахлын хэмжээнд хүрсэн Ковид-19 халдварын улмаас манай улс хилээ хаагаад хагас жил болж байгаа билээ. Энэ хугацаанд гадаадад гацсан монголчуудаа тусгай үүргийн онгоцоор татан авч байгаа ч, төдийлөн хүртээмжтэй биш байгаа тул эх орондоо ирэхээр яарсан иргэд Туркээр дамжин ОХУ руу нэвтрэх замаар эх орондоо ирэхээр завдах нь ихэсчээ.
Учир нь ОХУ одоогоор зөвхөн Танзани, Турк, Их Британи гэх 3 улсад л хилээ нээгээд байгаа юм. Тиймээс иргэд Туркээр дамжин ОХУ-д очин тэндээсээ Монгол руу орох тохиолдол ихэссэн бөгөөд ОХУ оруулахгүй байгаагаас Туркт гацаж буй Монгол иргэдийн тоо ихсэж байна хэмээн Туркт буй манай улсын ЭСЯ, консулын газраас анхааруулжээ.
Одоогоор ОХУ нь дамжин өнгөрөх эрхийг дээр дурьдсан тодорхой хэдэн улсын иргэдэд л олгосон бөгөөд манай улсад тарваган тахал дэгдсэнээс үүдэн хилээ нээхгүй байх шийдвэрийг гаргасан юм.