“ҮЛДЛЭЭ.” БОЛОВСРОЛ БА БОЛОМЖ
Энэ сарын 4-ний өдөр “Зөвийг Шүгэлдэгчид” ТББ-ын санаачилгаар “ҮЛДЛЭЭ” нөлөөллийн аяны хүрээнд Эдийн засаг, хөгжлийн яам хамтран “БОЛОВСРОЛ БА БОЛОМЖ” үйл ажиллагааг Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын төгсөх ангийн сурагчид, их дээд сургуулийн оюутнууд болон хөдөлмөрийн насны залууст зориулан амжилттай зохион байгууллаа.
Тус нээлттэй өдөрлөгөөр мэргэжил сонголт болон гадаад улсад амьдрах тухай, тэтгэлэгт хэрхэн хамрагдах, хуучин ба шинэ эдийн засаг зэрэг сэдвүүдээр илтгэлүүд тавигдлаа. Мөн “ҮЛДЛЭЭ” хэлэлцүүлэг явагдаж залуус хоорондоо чөлөөт яриа өрнүүлснээс гадна эх орондоо эргэн ирж баялаг бүтээх тухай, эх орны боломжууд аль салбарт байгааг, ямар өөрчлөлтүүд үлдэх шийдвэрт нөлөөлөх зэрэг асуудлуудаар санал бодлоо солилцсон нь үр дүнтэй байлаа.
Энэхүү арга хэмжээнд “Эдийн засаг, хөгжлийн яам”-ны Дэд сайд Г.Түвдэндорж оролцож залуусын дуу хоолойг сонсож, нээлттэй ярилцсан бөгөөд зочин илтгэгчээр Эрүүл мэндийг дэмжигч сургууль төслийн санаачлагч Б. Болортуяа, Humanz.mn гүйцэтгэх захирал М. Баасандэлгэр, Зөвийг Шүгэлдэгчид ТББ-н Удирдах зөвлөлийн гишүүн И.Гэрэлчулуун нар оролцож өөрсдийн туршлага, сонирхолтой түүхүүдээ залуустай хуваалцлаа.
Монгол улсад хөдөлмөрийн насны 1.2 сая залуучууд байдаг. Гадаадад оршин суугаа 10 хүн тутмын 9 нь хөдөлмөрийн насны залуус бөгөөд 15-44 насныхан 72.3%-г эзэлдэг. Монгол улс сүүлийн 30 жилд нийт хүн амд эзлэх гадагшаа явах иргэдийн тоогоор 2022 оны байдлаар дэлхийд 30-д эрэмбэлэгдэх муу үзүүлэлттэй байгаа. Ердөө 3.4 сая Монголчууд энхийн цагт ийм олноороо эх орноо орхин явж байгаа нь нийгэм, цаашлаад улсын хөгжилд сөрөг үр дагавартай.
“Зөвийг Шүгэлдэгчид” ТББ-ын гишүүдийн хувьд өөрсдөө гадаад улсад амьдарч, сурч боловсроод ирсэн залуус бөгөөд сүүлийн жилүүдэд залуусын дунд эх орноосоо явах, нийгмээ голох, сэтгэл дундуур байх хандлага газар авч буй учир өөрсдөөсөө эхлэн шүгэл үлээж эх орондоо үлдэж “Үлдлээ” нөлөөллийн аяныг эхлүүлсэн юм.
Залуус гадаад орныг зорьж ажиллаж амьдарч буй нь нийгэм, улс төр, эдийн засаг, шударга бус байдал зэргээс шалтгаалсан сонголт боловч суралцаж дуусаад тэндээ бүрмөсөн үлдэх бус эргэн ирээд эх орноо хөгжүүлээсэй хэмээн хүсэж байна. Монголдоо боломжоо хамтдаа бүтээе, Монгол улсыг залуучууд өөрсдөө л өөрчилнө гэсэн уриалга дэвшүүлж байгаа юм.