УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан боллоо. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Би 20 жилийн өмнө СЕХ-ны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Тухайн үед сонгуулийн үеэр иргэдийн бүртгэл, хяналтын тогтолцоо муугаас элдэв булхайтай асуудал үүслээ гэх шүүмжлэл мэдээлэл сонгуульд өрсөлдөж байсан улс төрийн намуудаас их гаргадаг байлаа. Тиймээс бид 2011 онд баталсан УИХ-ын сонгуулийн шинэ хуулиар томоохон өөрчлөлт хийсэн юм. Сонгогчийн бүртгэл, иргэний бүртгэл гэсэн хоёр тусдаа явдаг байсан тогтолцоог нэг болгосон юм.
ИРГЭНИЙ БҮРТГЭЛД СУУРИЛСАН СОНГОГЧДЫН НЭРСИЙН ЖАГСААЛТЫН ТОГТОЛЦОО луу шилжүүлснээр сонгуулийн хороод өөрсдөө нэрсийн жагсаалт гаргахгүй Иргэний бүртгэлийн байгууллага үүнийгээ хариуцан явуулдаг болгосон юм. Ингэснээр давхар санал өгөх, нэрийн жагсаалт будилуулдаг гэх асуудал үндсэндээ шийдэгдэж чадсан юм. 2012 оны сонгуулиас хойш цэгцэрсэн гэж хэлж болно.
Харин Улаанбаатар хотод иргэдийн ахуй амьжиргааны үүдэлтэй шилжилт хөдөлгөөн их, тэрийгээ дагаад байрны болон гэр байшингийн түрээс олон байдаг учраас тэр болгон хаяг сольж бүртгүүлдэггүй байдал нөлөөлдөг" гэв.