Оранж энтертэйнмент, Рэд Пойнт Фильм, Промикс Саунд продакшны хамтын бүтээл "ШАР ГЭГЭЭ" УСК-г IPTV-д тавигдан, үзэгчдийн хүртээл болж байгаа. Кино сонирхогчдоос өндөр үнэлгээ авч, үзэлт өндөртэй байгаа тус бүтээлийг Соёлын яамны "Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд зарим аймаг, сумд соёлын төвдөө гаргахаар зар тараасан тухай мэдээлэл цахим орчинд цацагдаж, Оранж энтертэйнмент албан ёсоор мэдэгдэл гаргасан байдаг.
Д.Наранцэцэг: Соёлын яам соёлын төвүүдэд зохиогчийн эрхийн зөрчилтэй киног гарга гэсэн чиглэл өгөхгүй
Энэ асуудлаар бид Соёлын яамны Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Наранцэцэгээс тодруулахад, ""ШАР ГЭГЭЭ" УСК-г зарим сумын Соёлын төв уг киног гаргахаар зар тавьсан тухай мэдэгдлийг Оранж энтертэйнментаас өчигдөр гаргасан. Энэ асуудлыг бид аймгийн соёлын төв болон Соёл урлагийн газраас нь тодруулсан. Сүхбаатар аймгийн Асгат сум, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын соёлын төвд киног гаргах тухай зар тараасан ч гаргаагүй гэх тайлбар мэдээллийг бидэнд өгсөн. Манайхаас өчигдөр Оюуны өмчийн газарт хандаж, энэ үйлдлийг шалган тогтоох улсын байцаагч томилон ажиллуулах албан ёсны хүсэлт тавьсан. Зохих дүгнэлт гарсны дараа хохирлын хэмжээнээс хамаарч хуульд заасан хариуцлагын арга хэмжээг авна. "Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд зохиогчийн эрх зөрчиж кино гаргах тухай зар тараасан гэсэн буруу ойлголт яваад байх шиг байна. Бид жил бүрийн 11 сард "Соёлын бүтээлч сар" аяныг зарладаг. Энэ жил гуравдах удаагаа зарласан. Энэ хүрээнд орон нутгийн соёл урлагийн газар, соёл урлагийн үйлчилгээний байгууллагууд тухайн орон нутгийнхаа соёл урлагийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор тодорхой үйл ажиллагаануудыг зохион байгуулж байгаа. Мэдээж Соёлын яам соёлын төвүүдэд зохиогчийн эрхийн зөрчилтэй киног гарга гэсэн чиглэл өгөхгүй нь тодорхой шүү дээ. Тухайн хоёр сумын соёлын төвийн удирдлагууд алдаа гаргасан байна" гэлээ.
ОРАНЖ ЭНТЕРТЭЙНМЕНТААС ГАРГАСАН МЭДЭГДЭЛ