Хотын дарга Х.Нямбаатар Урт цагааны дахин төлөвлөлтийн мэдээлэл өгч байна. Тэрбээр "Ulaanbaatar.mn сайтаар зарим санал асуулгыг авч асуудлыг шийдвэрлэдэг байх механизм руу шилжүүлж байна. Ингэхдээ нийслэл өөрийн өмч болох урт цагааны барилгыг нурааж, үйлчилгээний төв байгуулах уу, эсвэл нийтийн эзэмшлийн ногоон байгууламж барих уу гэдэг санал асуулгыг 7 хоногийн хугацаанд эхлүүлж байна.
Урт цагааны түрээслэгчид 2020 оноос хойш түрээсийн төлбөрөө огт төлөөгүй. Шүүхэд маргаан үүсгээд, түрээсийн төлбөрөө ч төлдөггүй, нийслэлийн өмчийн асуудлыг сайжруулдаг ч үгүй, гардаггүй байдалтай байна. Мөн энэ барилгад хууль бусаар алт хайлуулж, химийн хортой бүтээгдэхүүнийг ашиглах зүйлүүд байна. Тиймээс цагдаагийн байгууллагад шалгуулахаар хүсэлтээ өгсөн. Түүнчлэн түрээслэгчдийг аравдугаар сарын 10-ны дотор суллаж өгөх шаардлага өгсөн ч суллаагүй байна. Тиймээс нийслэл өмчөө албадан чөлөөлүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүсэлтээ хүргүүлсэн " гэлээ.