Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Төлбөртэй бүс тогтоох уу, цагийн хязгаартай байх уу, ямар хэмжээтэй байх вэ гэдгийг Нийслэлийн ИТХ шийдвэрлэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
12 минут 40 секунд

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2023.11.02/ хуралдан Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.

Тэрбээр, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу нийслэл хот өөрийн нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн асуудлыг бие дааж шийдвэрлэх эрхтэй боловч нийслэл хотод тулгамдаад байгаа төвлөрөл, төлөвлөлт дагасан олон асуудлын үр дагавар нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалагдах эрхийг ноцтой хөндөж байгаа тул хүний суурь жам ёсны эрхийг хамгаалах, нийгмийн дэг журам, нийтийн ашиг сонирхлыг хангахын тулд зарим эрхийг тохирсон хэмжээнд хуулиар хязгаарлах зайлшгүй нөхцөл байдалд хүрээд байна. Хотын хүн амын өсөлт, шилжилт хөдөлгөөн, хотжилт, түүнийг дагасан тээврийн хэрэгслийн тооноос шалтгаалан Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэл сүүлийн жилүүдэд үлэмж нэмэгдсэнээр тээврийн хэрэгслийн дундаж хурд 9 км цагаас 13 км цаг болсон. Сүүлийн 3 жилийн байдлаар жилд дунджаар 47 мянган тээврийн хэрэгсэл нийслэл Улаанбаатар хотод бүртгэгдэж байна. Энэ байдал үргэлжилбэл 2030 онд 5 км цаг, 2040 онд 0 км цаг байх тооцоолол гарч байна. Улаанбаатар хотын нэг иргэн жилд дунджаар 30 хоног буюу 717 цагийг түгжрэлд алдаж байна гэсэн тооцоолол гарсан. Нийслэл хотын замын хөдөлгөөний нөхцөл байдал, хот төлөвлөлтийн гажуудал, авто замын сүлжээ, даац хэтрэлт иргэдийн зорчих хөдөлгөөн, судлаачдын зөвлөмж, бусад улс орны туршлага зэрэг орчин зүйлийг тооцон үзэж нийслэл хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахад тээврийн эргэлтийн менежмент, ялангуяа түгжрэлтэй бүсийн тогтолцоог бий болгох нь зүйтэй гэж үзсэн хэмээлээ.

Хуулийн төсөлд Улаанбаатар хотод замын хөдөлгөөний төлбөртэй бүс, түүний хилийн зааг, цагийн хязгаарыг тогтоож, төлбөртэй бүсэд тогтоох төлбөрийн хэмжээг Нийслэлийн ИТХ тогтоохоор тусгажээ. Сүүлийн үед нийгэмд такси үйлчилгээтэй холбоотой олон хэргүүд гарах болсныг Д.Амарбаясгалан сайд дурдсан. Цагдаагийн байгууллагын гэмт хэргийн мэдээллийн санд сүүлийн 5 жилд такси үйлчилгээтэй холбоотой нийт 3119 гэмт хэрэг бүртгэгдсэнээс дийлэнх нь буюу 2940 нь нийслэлд гарчээ. Үүнээс 2636 гэмт хэргийг таксины жолооч үйлдсэн байгааг онцгой анхаарч цэгцлэх зайлшгүй шаардлагатай болсныг тэрбээр онцлоод, такси үйлчилгээг хуульд заасан нөхцөл, аюулгүй байдлын шаардлагыг хангасан этгээд тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх, түүнд тавих хяналт зохицуулалтыг бий болгохыг зорьсон хэмээн мэдээлсэн.

Сайд Д.Амарбаясгалан, Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах хүн амын төвлөрлийг сааруулах, орчны бохирдлын асуудлыг шийдвэрлэх оновчтой шийдэл нь гэр хорооллыг инженерийн дэд бүтцээр хангах, дахин төлөвлөн барилгажуулах явдал юм. Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 2021 оны байдлаар нийт 412.5 мянган өрх амьдарч байгаагаас 51.4 хувь нь буюу 212 мянган өрх орон сууцанд, үлдсэн 48.6 хувь буюу 200 мянган өрх гэр хороололд амьдарч байна. Нийслэлийн хүн амын тал хувь нь гэр хороолол буюу инженерийн дэд бүтцийн хангамжгүй, агаар, хөрсний бохирдолтой нөхцөлд амьдарч байна. Хуулийн төсөлд нийслэл хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан дэд төвүүдийн байршилд гэр хорооллыг орон сууцжуулах нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх үндэслэлийг нарийвчлан тодорхойлж, газар чөлөөлөлтийн нөхөх олговрыг газрыг газраар дүйцүүлэн олгох, газрыг үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөөр, газрыг нөхөх олговрын мөнгөн зардлаар худалдан авах болон бусад боломжит хэлбэрээр олгож болохоор тусгалаа. Хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд заасны дагуу Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдийг эрчимжүүлж, орон сууцжуулах төслийг хэрэгжүүлсний үр дүнд нийгэм, эдийн засаг, байгаль орчны нөлөөллийн талаар үр дүн гарч нийслэлийн иргэд ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдэнэ гэж үзэж байна. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэл төвлөрлийн алдаанд нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийг цогцоор шийдвэрлэх зорилгоор нийт 25 хуулийн төсөлд холбогдох өөрчлөлт оруулахаар багцаар нь боловсруулсан гэлээ.

Дараа нь хуралдаан даргалагч Н.Энхболд дээрх багц хууль, тогтоолын төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжвэл холбогдох болон бусад Байнгын хороонд хуваарилж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэх хуулийн зохицуулалттай хэмээн нэмэлт тайлбарыг хийлээ. Тухайлбал, дээрх багц хуулийн төслийн найм нь Эдийн засгийн байнгын хороогоор, найм нь Төсвийн байнгын хороогоор, хоёр нь Хууль зүйн байнгын хороогоор, дөрөв нь Төрийн байгуулалтын байнгын хороонд хуваарилагдахаар байгаа гэдгийг тэрбээр тодотгоод, өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлаар санал, хураалт явуулан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна гэдгийг онцоллоо.

Хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар шилжилтийн үеийн зохицуулалтын талаар тайлбар авахыг хүссэн. Тэрбээр, бид өмнө нь гэр хорооллыг орон сууцжуулах, түгжрэлийн асуудлыг салангид авч үзэж байсан бол энэ удаад нийтэд нь зохицуулахаар тусгасныг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, “Өнөөдөр ямар ч арга хэмжээ авахгүй яваад байвал Улаанбаатар хотын түгжрэл, агаар, хөрс, усны бохирдол хамгийн хүнд түвшиндээ хүрч, хэзээ ч засаж аргагүй болох чиглэл рүү явах гээд байгаа юм. Тийм учраас бид Улаанбаатар хотод автомашины дугаар олголттой холбоотой тодорхой зохицуулалтыг Нийслэлийн ИТХ хийе. Үүний дараа Нийслэлийн ИТХ, Засаг даргын Тамгын газар нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэлийг бүрэн утгаар нь явуулж, хөдөлгөөн зохицуулалтын эрчмээ нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Үүний дараа төлбөртэй бүс тогтоох уу, тогтоовол цагийн хязгаартай байх уу, үгүй юу, төлбөр тогтоовол ямар хэмжээтэй байх вэ гэдгийг Нийслэлийн ИТХ үе шаттайгаар шийдвэрлэх юм. Тухайлбал, эхний ээлжинд замын хажуугийн зогсоол, автомашины зогсоолуудын ашиглалт, эргэлтийг сайжруулах асуудлыг шийдэх, түүний дараа нийтийн тээврийн шинэчлэлийг хэрхэн эхлүүлэх, цаашлаад метро байгуулах, үүнийг ямар үе шаттай хэрэгжүүлэх вэ гэх мэт. Эдгээр ажлыг хийх эрхээ Нийслэлийн ИТХ, Нийслэлийн Засаг дарга энэ хуулиар авъя гэж байгаа юм.

2020 оныг хүртэлх нийслэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт хангалтгүй гарсан. Гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдын хийсэн дүгнэлтээс харахад энэ нь таван хүчин зүйлээс болсон байна. Нэгдүгээрт, хууль тогтоомжийн хувьд нийслэл ерөнхий төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх эрхүүдээ авч чадаагүй юм байна. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжууд зөрчилдөөнтэй, нийслэл ерөнхий төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх эрх зүйн боломжгүй байна. Мөн нийслэл санхүүгийн боломжгүй байсан, төрийн байгууллагуудын үйл ажиллагаа уялдаагүй гэх мэт зүйлсээс болж ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтэнд алдаа гарсан гэж экспертүүд үзсэн байна. Бид тохиолдлын байдлаар, богино хугацаанд хуулийн төслүүдийг боловсруулаагүй, маш их судалгаа, туршлагад үндэслэсэн” гэсэн хариултыг өгсөн.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Гэр хорооллыг орон сууцжуулах нь хамгийн чухал асуудлын нэг. Гэхдээ үүнийг шийдэхийн тулд цахилгаан, дулаан, цэвэр ус, бохир зайлуулах дэд бүтэц хэрэгтэй. Үүнийг шийдэх боломж бий юу. Нөгөө талдаа иргэдийн орон сууц худалдан авах чадвартай холбоотой асуудал бий. Түүнчлэн орон сууцжуулахдаа хэсэгчилсэн төлөвлөлтүүдээ хийж, түүнийгээ мөрдөж ажиллах нь чухал. Ингэхдээ ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөлтийг мөрдүүлэх, барилгын стандартыг бий болгох асуудлыг хөндөхөөс аргагүй. Барилгын компаниуд гурван барилгын зөвшөөрөл аваад зургааг барьчихдаг. 10 давхрын зөвшөөрөл аваад 20 давхар болгодог. Үүнээс болж түгжрэл бий болдог. Цаашдаа ямар арга хэмжээ авахаа төлөвлөж байна, төлбөртэй бүс бий болгосноор түгжрэлийг ямар хэмжээнд бууруулна гэж тооцож байгаа вэ хэмээн асуусан.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, “Барилгын тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа. Барилгын дүрэм журам, барилгажих талбайн стандартад тэрхүү хуулиар өөрчлөлт оруулна. Нийт олгогдсон газрын 60 хувь дээр барилга, авто зам, 30 хувьд нь ногоон байгууламж барих стандарт руу явж байгаа. Одоо энэ харьцаа 70:30 байгаа ч мөрдөхгүй явж ирсэн. Шинэ стандартыг гэр хорооллыг шинээр орон сууцжуулах бүсүүддээ баримтална. Цаашид төвлөрсөн дулаан хангамж, усан хангамж, цахилгаан хангамж гэдэг асуудалд бодлогын хувьд өөрчлөлт гаргахаар төлөвлөж байна. Азийн хөгжлийн банктай сүүлийн арваад жил хамтран хэрэгжүүлж байгаа дэд төвүүдийн үзэл баримтлал ч үүн рүү чиглэж байгаа. Өнөөдөр хэлэлцэж буй хуулийн төслүүд батлагдвал бид Улаанбаатар хотод анх удаа Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдэд 20 мянган айлын орон сууцны төслийг хэрэгжүүлж эхлэх юм. Эхний ээлжинд хэрэгжүүлэх 12 мянган айлын орон сууцыг барих төслийг газрыг орон сууцаар солих нөхцөлтэйгөөр чөлөөлнө. Эхний төслийг хэрэгжүүлэхдээ 858 га газрын 12 мянга гаруй айл өрхийн хашааны газрыг байраар солих нөхцөлтэй ажиллана. Энэ хугацаанд айлуудыг түрээсийн орон сууцад байлгах, нөхөн олговрыг олгох, эсвэл нийслэлийн орон сууцны корпорацад байгаа байраар солих зарчмыг баримтална. Тийм учраас гэр хорооллын айл өрхүүдийн худалдан авах чадварт огт нөлөөлөхгүй” гэсэн хариулт өглөө.

УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн учир энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд хүргүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Нийгмийн даатгалын шимтгэл, ХХОАТ-ыг 50 хувиар бууруулах саналыг 100 мянган иргэн дэмжлээ
Нийгмийн даатгалын шимтгэл, ХХОАТ-ыг 50 хувиар бууруулах саналыг 100 мянган иргэн дэмжлээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.