Дорноговь аймгийн Сайншанд суманд 12 настай охин бусдын гарт амиа алдсан хэрэг өнгөрсөн сарын 6-нд гарсан. Охиныг эрэн сурвалжлах явцад орон нутагт камерын нэгдсэн хяналт, хүүхэд хамгаалал зэрэг олон чиглэлийн үйлчилгээ хангалтгүй байгаа нь шүүмжлэл дагуулсан.
Тэгвэл тус аймгийн Цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх ажил хариуцсан чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ч.Ганзориг "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа "Хяналтын камерыг иж бүрэн шинэчлэх ажил эрчимтэй үргэлжилж байна. Энэ ажил 2.2 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Саяхан болсон аймгийн ИТХ-ын 11 дүгээр хуралдаанаар төсөв санхүү нь бүрэн шийдэгдээд өнөөдөр тендерээ зарлах гэж байна. Ажлын хэсэгт манай байгууллагаас төлөөлөл орон ажиллаж байгаа.
Бидний зүгээс эхний байдлаар хангалттай гэж үзэж байгаа. Гол нь цаашдын ашиглалт, шинэчлэлийг хаяж болохгүй. Үүн дээр жил бүр урсгал зардлыг аймгаас шийдвэрлээд явахаар болж байна. Энэ бол сайн тал шүү дээ" хэмээжээ.