
Зүүн бүсийн нутгийн аялал жуулчлалыг шинэ түвшинд хөгжүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны уялдааг сайжруулах зорилгоор Дорнод аймагт "Аялал жуулчлалын идэвхтэй улирлын нээлт"-ийг хүний нөөцийг бүрдүүлэх, нутгийн иргэдийг чадавхжуулах агуулгын хүрээнд зохион байгуулж байна.
Нээлтэд аймгийн Засаг дарга Ш.Ёл оролцож улс орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар аялал жуулчлалын бодлогын хүрээнд хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлууд, төслүүдийг танилцуулан, Түүхэн болон хил дамнасан аялал жуулчлалыг бодитоор хэрэгжүүлэхийн тулд бүх талууд хамтран нягт холбоотой ажиллах шаардлагатай байгааг онцоллоо.
Дорнод аймаг нь Монгол Улсын Зүүн захын аймгийн хувьд Монгол улсыг зүүн хойд Азитай холбох хамгийн ойрын гарц болдог. Тодруулбал БНХАУ, ОХУ-тай авто зам, агаарын хамгийн олон буюу 7 боомтоор холбогддог. Энэ утгаараа хил дамнасан бүс нутгийн эдийн засаг, эрдэс баялгийн экспорт, тээвэр логистик, аялал жуулчлал, худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэх Зүүн бүсийн хөгжлийн тулгуур төв, өндөр чадавх бүхий бүс нутаг. Зүүн бүс нутгийн эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг хөдөө аж ахуй, түүхэн болон хил дамнасан аялал жуулчлал, тээвэр логистик гэж тодорхойлсон байдаг.
Иймд Монгол Улсын Засгийн газраас хилийн боомтуудыг чиглэсэн автозамуудыг барих, дэд бүтцийг сайжруулах, хүчин чадлыг нэмэгдүүлэх, БНХАУ-аас ОХУ-ыг холбох босоо тэнхлэгийн төмөр зам барьж, Европ-Азийг холбох транзит тээврийн шинэ гарцыг бий болгох, Монгол Улсын Зүүн Бүсийн төв Дорнод аймагт бүсийн тээвэр логистикийн төвийг байгуулах, мал эмнэлгийн хорио цээрийн бүс, олон улсын агаарын нислэг үйлдэх 4С ангиллын нисэх онгоцны буудал барих зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэн ажиллаж байна.
Энэхүү бүтээн байгуулалтууд амжилттай хэрэгжсэнээр түүхэн болон хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх хамгийн төв суурь дэд бүтцийн хөрөнгө оруулалт болж байгаа юм. Үүнийг дагасан аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах бүрэн боломжтой болно.
Нээлтийн үйл ажиллагаанд малчдын аялал жуулчлалыг Монгол брэнд бүтээгдэхүүн болгох стратеги, Нүүдэлчин ахуйтай танилцах аяллыг AI технологитой холбох, Дорнод аймгийн аялал жуулчлалын бэлэн байдлын судалгаа, Зочлох үйлчилгээний салбарын стандарт, өнөөгийн байдал зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлгүүд өрнүүлэхээс гадна аялал жуулчлалын бизнес эрхлэгчид зээлийн батлан даалтын сан, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгодог төсөл, санхүүгийн дэмжлэгт хэрхэн хамрагдах, аялал жуулчлалын зочлох үйлчилгээний салбарын хүний нөөцийн дутагдал, багш оюутнуудыг дайчлах боломжийн талаар холбогдох албаны төлөөллүүд мэдээлэл өгч байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!