Япон улс Ойрхи Дорнодод буй хөлөг онгоцуудаа хамгаалахын тулд байлдааны хөлөг онгоц, харуулын нисэх онгоцуудаа явуулах санал гаргасныг засгийн газар баасан гарагт баталлаа. Япон улс түүхий нефтийн 90%-аа импортолдог тус бүсэд нөхцөл байдал тогтворгүй хэвээр байгаа.
Төлөвлөгөөнд тусгагдсанаар тухайн бүсэд Японы хөлгүүдийг аюулгүй дамжин өнгөрөхөд зориулж мэдээлэл цуглуулах зорилгоор нисгэгчийн удирдлагатай сөнөөгч, хоёр P-3C харуулын онгоцыг илгээнэ гэжээ.
Гэнэтийн шаардлага гарвал аюулд өртсөн хөлгийг хамгаалахын тулд зэвсэг ашиглах зөвшөөрлийг Японы Батлан хамгаалахын сайд гаргах аж.
Өнгөрсөн жилээс хойш Иран, АНУ хоорондын зөрчил улам ихэссэн. 2015 онд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орнуудын хамтаар байгуулж байсан цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрээс АНУ-ын засгийн газар нэг талт байдлаар гарах шийдвэр гаргаснаа зарласан. Үүнтэй холбогдуулаад Ираны эсрэг хориг арга хэмжээнүүдээ сэргээж эхэлсэн.
Тав, зургаан сард олон улсын худалдааны хөлөг онгоцнууд хэд хэдэн халдлагад өртсөн. Үүнд тухайн бүсэд байсан Японы эзэмшлийн газрын тос зөөх усан онгоц “Kokuka Courageous” багтаж буй. АНУ-ын зүгээс Ираныг буруутгасан бол үүнийг Техран үгүйсгэсэн.
АНУ-ын хамсаатан Японы зүгээс Иран улстай нөхөрсөг холбоогоо хадгалсаар ирсэн. АНУ-ын удирдлага дор нэгдэж тухайн бүсэд хөлгүүдээ хамгаалахаас илүү тусдаа үйл ажиллагаа явуулахаар шийдвэр гаргаад байна.
Эх сурвалж: Reuters