Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Хүүхдүүд гар утас оролдохоос илүүтэй НОМОНД ДУРЛАЖ байна

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
6 минут 4 секунд

XXI зууныг техник, технологийн дэвшилгүйгээр төсөөлөхөд бэрх. Тийм ч учраас сүүлийн үеийн хүүхдүүдийг техникийн эрэн үед төрсөн гэж хэлж болно. Учир нь асар хурдацтай хөгжиж буй техникийн дэвшлийг дагаад гар утас, компьютерийн хэрэглээ ч өндөр байгаа. Үүнээс үүдэж нийгэмд бага насны хүүхдүүдийг гар утас, компьютер тоглоомоос салахгүй байна хэмээн олон нийт шүүмжилдэг ч угтаа номонд хайртай, ном шимтэн уншдаг, номонд дурласан хүүхэд багачууд олон бий.

Тэгвэл Ubn.mn сайтын сурвалжлах баг "Хүүхдийн төв номын сан"-г зорьж, хүүхэд багачууд номын сангаар хэр их үйлчлүүлж байгаа талаар мөн номыг шимтэн уншиж байгаа юу гэдгийг сурвалжиллаа.

Хүүхдийн төв номын сан, "МӨРӨӨДӨЛ" уншлагын танхим

"Хүүхдийн төв номын сан"-гийн "Мөрөөдөл" уншлагын танхимд 4-9-р ангийн бяцхан жаалууд үйлчлүүлэх боломжтой аж. Түүнээс гадна энэ насны хүүхдүүдэд зориулсан 12 мянга гаруй номын фонд байгаагаас гадна насанд хүрэгчдийн ч сонирхон унших дуртай уран зохиолын номнууд бий гэнэ. Биднийг "Мөрөөдөл" танхимд ороход хичээл сургуулийн цаг байсан ч хэд хэдэн хүүхэд ном уншаад сууж байв. Тэр ч бүү хэл зарим нь гэрийн даалгавраа хийгээд сууж байсан юм.

Бид тус танхимын байнгын үйлчлүүлэгч, номонд дуртай бяцхан уншигч Ц.Номин-Эрдэнэтэй ярилцахад,

Ном бол ЭРДМИЙН ОРГИЛ

"Би МУБИС-ийн харьяа ЕБС-ийн 2б ангийн сурагч. Ээж маань намайг 5 настай байхад ном уншиж өгсөөр байгаад бас үсэг сургасан учраас би одоо маш олон үг уншдаг болсон. Тиймээс ч ном унших дуртай. Би "Мөрөөдөл" танхимаар өнгөрсөн есдүгээр сараас хойш ирдэг болсон. Түрээсэлж авсан, уншсан ном маань 72 болсон. Би хөгжилтэй номонд дуртай. Гэхдээ том болоод илүү зузаан ном уншихыг хүсдэг.

Бас миний мөрөөдөл "Зураач" болох. Учир нь би уншсан номныхоо утга агуулгыг зурдаг юм. Энэ нь ч номныхоо учрыг бүрэн төгс ойлгоход тусалдаг. Тиймээс үе тэнгийнхээ найзуудад хандаж хэлэхэд ном уншиж байгаарай "ном бол ЭРДМИЙН ОРГИЛ" гэж хэлмээр байна" гэлээ.

Ц.Номин-Эрдэнэтэй ярилцсаны дараа 3-р ангийн сурагч Б.Азтүшигтэй хэсэг хором хөөрөлдөв. Түүний хувьд тус номын сангаар байнга үйлчлүүлдэггүй ч заримдаа ирж ном унших дуртай гэнэ. Б.Азтүшиг хүү,

Найзуудаа ном уншиж ухаантай, сайн хүүхэд болоорой

"Би ном унших дуртай. Ном уншихаар их зүйлийг ойлгодог. Бас манай ангийн хүүхдүүд дандаа ном уншдаг. Тиймээс найзууддаа ном их уншиж, ухаантай сайн хүүхэд болоорой гэж хэлмээр байна" хэмээсэн юм.

Мөн тус уншлагын танхим өнөөдөр шинэхэн 2 гишүүнээ угтан авчээ. Номын санд байнгын үйлчлүүлэгч болохоор картаа захиалсан эгч, дүү 2 охиныг Э.Сондор, Э.Танхил гэдэг байна.

Уран зохиолын ном уншихаар төсөөлөн бодох боломжийг олгодог

Э.Сондор одоо 5-р ангийн сурагч бөгөөд байнга ном унших тэр дундаа уран зохиолын ном унших дуртай гэлээ. Учир нь уран зохиолын ном унших нь илүү адал явдалтай, төсөөлөн бодох боломжтой учир сайхан санагддаг аж.

Харин Э.Танхилын хувьд 2-р ангийн сурагч. Багад нь ээж нь байнга үлгэр ярьж өгдөг байсан тул номонд хайртай болсон гэв. Бас Э.Танхил охин комик номонд илүү их дуртайгаа бидэнд ярьсан юм.

Мөн "Мөрөөдөл" танхимын номын санч Ч.Амгаланбаяр бидэнд бага насны хүүхдүүдийг номонд дурлаж, ном их уншдаг болсон талаар мөн эх түүхээ, өв соёлоо илүү мэдэхийг хүсдэг, хүсэл эрмэлзэлтэй болж буй талаар ярьсан юм. Тэрбээр,

Сүүлийн үед бага насны хүүхдүүд их ном уншиж байна. Тэр дундаа түүх соёлын хийгээд өв соёлын тухай номыг шимтэж байна

"Манай "Мөрөөдөл" танхимд өдөрт дунджаар 25-30 хүүхэд үйлчлүүлдэг. Зарим үед анги хамт олноороо ирж ном уншдаг. Ерөнхийдөө сүүлийн үед бага насны хүүхдүүд ном уншихаар их ирдэг болсон. Үүнээс харахад хүүхдүүд ном сонирхож, номонд дуртай болж байна. Сүүлийн үеийн хүүхдүүд комик ном их сонирхдог болсон байна. Мөн өв соёлын талаарх номыг их уншдаг болсон байна. Ингэснээр Монголын өв соёлоо хадгалж үлдэх дадлыг авч үлдэж байна гэсэн үг" хэмээлээ.

Үнэхээр сүүлийн үед бага насны хүүхдүүд номонд дурлаж, ном шимтэн уншдаг болсон байна. Эцэг, эхчүүд нь ч мөн хүүхдээ ном уншиж сурахад нь онцгой анхаарч, номын санд дуртай болгож, хүссэн номыг нь бэлэглэдэг болжээ. Ном бол ертөнцийг харах цонх гэдгийн адилаар бяцхан хүүхдүүд өөрийн дуртай номоо уншиж, ирээдүйн зөв Монгол иргэн болж төлөвшихийн эх үндэс нь ном юм.

МУГТ Г.Болор-Эрдэнэ: Энэ жил 9 тэмцээнд явж, ЗУРГААН алт, ХОЁР мөнгө, НЭГ хүрэл медаль хүртсэн
МУГТ Г.Болор-Эрдэнэ: Энэ жил 9 тэмцээнд явж, ЗУРГААН алт, ХОЁР мөнгө, НЭГ хүрэл медаль хүртсэн
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.