Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт Засгийн газрын зүгээс процессын дахин инженерчлэлийн загварыг бий болгох ажлыг 2023 оны тавдугаар сарын 24-ний өдөр шийдвэр гаргаж, ажлыг эхлүүлсэн.
Таван сарын хугацаанд ажилласан баг амжилттай ажилласан үр дүнгээ танилцуулсан. Төр үйлчилгээний байгууллага шиг иргэндээ хүрч ажиллах тогтолцооны өөрчлөлтийг хийнэ. Иргэнд олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг хөдөлмөр, халамж, нийгмийн даатгалын цэгүүдийг сонгон авч, иргэдэд үйлчилнэ. Нийт 32 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, энэ салбар дахь эрсдэлийг тооцсон. Энэ салбарт 1900 гаруй төрлийн эрсдэл байна. Жишээлбэл, хүнд суртал, авлига гэх мэт. Хүн төвтэй үйлчилгээг үзүүлснээр төрийн үйлчилгээ бодитой болох юм" гэв.
ЗГХЭГ-ын дэд дарга Б.Баасандорж "Иргэд төрийн албанаас үйлчилгээ авахдаа олон хүн дамжихгүй нэг л хүнээсээ үйлчилгээ авдаг байхын тулд процессын дахин инженерчлэлийг хийж байна. Гол нь ил тод, түргэн шуурхай, амар хялбар байна. Цахимжилт маш эрчимтэй явагдаж байна. Гэтэл өнөөдрийг хүртэл НДЕГ болон ХХҮЕГ-т 96 үйлчилгээний 70 хувьд нь иргэдээс цаас, халамжийн 72 үйлчилгээний 68 хувь нь иргэдээс цаасан суурьтай баримт нэхсээр л байна.
Жишээ нь тэтгэвэр тогтоолгох, тэтгэмж авах үйлчилгээнд иргэн өргөдөл хүсэлтээ өгнө, цээж зургаа өгч байна. Оршин байгаа хаягийн тодорхойлолтоо өгч байна. Нөгөө халчихсан байх ёстой баримтуудыг шаардсаар л байна. Тиймээс процессын дахин инженерчлэлийн хүрээнд энэ хоёр агентлагаас үйлчилгээ авах иргэд 53 төрлийн үйлчилгээнд иргэний үнэмлэхтэйгээ ирэхэд л болно" гэлээ.