Энэ оны аравдугаар сарын 23-ны өдөр "Эрдэнэс-Таван толгой” ХК-иас 1,5 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй хөрс хуулалт, нүүрс олборлолтын хоёр багц тенденр зарласан. Харин өнгөрснийг эргэж харвал иймэрхүү тендерт ямагт өмнөд хөршийн компаниуд шалгарч, монгол компаниуд зөвхөн туслан гүйцэтгэгчээр нь ажилладаг жишиг тогтоод удаж байна. Харамсалтай нь Монголд, монголын аж ахуйн нэгжүүдэд үлдэх ёстой ашиг нь хилийн чанад руу урсдаг гэсэн үг.
Тэгвэл өнөөдөр Монголын үндэсний оператор компаниуд энэхүү тендерт оролцох бүрэн нөөц бололцоотой, ажиллах хүчний болон техникийн бүрэн дүүрэн чадамжтай болжээ. Ийм ч учраас Монголын үндэсний оператор компаниуд уг сонгон шалгаруулалтад оролцох сонирхолоо илэрхийлж, холбогдох бичиг баримт материалуудаа өгчээ.
Үндэсний компаниудын техникын хүчин чадал, боловсон хүчний мэдлэг чадвар дэлхийн хэмжээнд нэгэнт хүрсэн, тийм ч учраас зарлагдсан ямар нэгэн тендерт оролцохдоо бүхий л шаардлагуудыг хангаж, нэгэнт гологдохооргүй болсон. Төрийн зүгээс ч үндэснийхээ компаниудыг дэмжих бодлого барина гэсэн байдаг учир өрсөлдөж байгаа байгууллагууд энэ удаа уг тендерт амжилт үзүүлнэ гэсэн итгэлтэй байгаа юм байна.