"Жаргалтай гэр бүл гэж яг ямар гэр бүлийг хэлэх вэ" магадгүй энэ асуултад хүн бүр өөр өөрийн өнцгөөс хариулах байх. Гэхдээ хүмүүсийн нийтлэг ойлголтоор "Жаргалтай гэр бүл" гэдэг нь үргэлж инээд хөөр цалгиж байхад л болно гэж боддог. Гэтэл үнэн хэрэгтээ зөвхөн инээд баяслаар энэ зүйл хэмжигдэхгүй. Инээд болгоны ард гуниг харуусал, нулимс нуугдаж байх үе ч бий. Тэр гунигийг, тэр нулимсыг хэн ч үл анзаарна. Бас хэн ч үл харна.
Энэ болгоны ард ямар ч шалтгаан нуугдаж байж болох. Гэхдээ өнөөдрийн энэ нийгэмд "хүчирхийлэл" гэх асуудал хамгийн том шалтгаан гэж хэлэхэд буруудахгүй болов уу. Бие махбодын, сэтгэл санааны гээд тоочоод байвал гарын 10 хуруунд багтах хүчирхийллийн төрөл зүйл бий. Бас тэр хүчирхийлэлд эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу гээд бүх насныхан өртөж болохоос гадна бусдын нүдэнд онцгойрч харагддаг олны танил эрхмүүд ч багтаж байж болох.
ДЭМБ-аас хүчирхийллийг "Бие махбодод хүч хэрэглэсэн эсхүл санаатайгаар заналхийлсэн, эсхүл бодитоор хэн нэгэн хүн нөгөө хүнийхээ эсрэг юмуу, хэсэг бүлэг хүмүүс болон олон нийтийн эсрэг хүч хэрэглэсний үр дүнд нь гэмтэл бэртэл, сэтгэл зүйн хор уршиг, хөгжлийн бэрхшээл, дутагдал гачигдал үүсэх өндөр магадлалтай" гэж өргөн хүрээнд тодорхойлжээ.
Харамсалтай нь манай нийгэмд хүчирхийлэл гэх ойлголт хэвийн үзэгдэл мэт харагддаг болсон тул хүчирхийллийг ил гаргахаас илүүтэй дуугүй өнгөрөөх хүмүүс олон. Ялангуяа гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүс "ХҮЧИРХИЙЛЛИЙН ТОЙРОГ"-оосоо гарч чадалгүй, өдөр бүр хүчирхийлэлд өртсөөр улмаар тэрхүү тойрогтоо үлддэг талаар мэргэжлийн хүмүүс ч хэлдэг.
Энэ оны эхний есөн сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас нийслэл хотод 602 гэмт хэрэг үйлдэгдсэн бөгөөд нийт 3389 иргэнд 7-30 хоногийн баривчлах шийтгэл оногдуулсан байна. Мөн хамгийн сүүлийн жишээг дурдахад өнгөрөгч нэг хоногт Цагдаагийн байгууллагад хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 56 тохиолдол бүртгэгдсэн байна.
Ихэвчлэн энэхүү хүчирхийлэл нь ахуйн хүрээнд үйлдэгдсэн байгаа бөгөөд үүний учир шалтгаан бол яах аргагүй АРХИ байдаг гэхэд буруудахгүй юм.
Архинд толгойгоо мэдүүлсэн эр нөхрөөсөө айж, дагжин чичирсээр сэтгэлийнхээ гүнээс бяцхан зориг гаргаад хуулийн байгууллагад хандах бүсгүйчүүд бага байгаа нь хүчирхийллийн тоон мэдээллийг өдрөөс өдөрт нэмэгдүүлсээр л байгаа юм. Өнөөдөр согтуу ирсэн бол маргааш эрүүл ирээсэй гэж хүсэх бүсгүйчүүд ч бий. Бас тэдний ард инээдээ гунигаар нуусан бяцхан үрс ч бий. Харамсалтай нь хүчирхийллийн эсрэг дуугардаггүй, хүчирхийллийг ил гаргахгүй болохоор улам л нэмэгдсээр байгаа хэрэг.
Түүгээр ч үл барав олны нүдэнд аз жаргалтай мэт харагдах олны танил эрхмүүд ч мөн энэ төрлийн хүчирхийлэлд өртсөнөө ил гаргахаас илүүтэй нууцлах нь элбэг байдаг байна. Учир нь хүчирхийлэлд өртсөн олны танил эрхмүүд хууль, хяналтын байгууллагад хандвал уг асуудал нь нийгэмд ил болох тул тэд дан ганц хүчирхийлэл ч гэлтгүй өөрсдийн алдар нэр, ажлын карьерт сөргөөр нөлөөлөх ямар ч асуудлыг ил гаргахаас зүрхшээх нь бий. Тийм ч учраас олны танил эрхмүүд хүчирхийлэлтэй холбоотой асуудлаа ил гаргахгүй байсаар өнөө л хүчирхийллийн тойрогтоо үлддэг байна.
Угтаа Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 23.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн, эсхүл үйлдэгдэж болзошгүй нөхцөл байдлын талаар цагдаагийн байгууллагад, цагдаагийн алба хаагчийн эзгүйд сум, баг, хорооны Засаг даргад мэдээлж болно” гэж заасан байдаг. Энэ нь дан ганц Цагдаагийн байгууллагад хандаж, гэр бүлийн хүчирхийллийг мэдээлэх ёстой гэсэн үг биш юм.
Мөн хүчирхийллийн хохирогчид зөвхөн эмэгтэйчүүд байдаг гэвэл энэ нь өрөөсгөл ойлголт. Хүчирхийлэлд эрчүүд ч өртөж болно. Гэхдээ эрчүүд ихэвчлэн сэтгэл санааны хүчирхийлэлд өртдөг аж.
Тэгвэл ubn.mn сайтын редакцын зүгээс эрчүүдийн эрх зөрчигдөж буй байдалтай холбогдуулан сонирхолтой нэгэн судалгааг хийж үзсэн байдаг. Эл судалгаанд 100 эрэгтэйг хамруулан, тэдний дунд эрх нь хэрхэн зөрчигдөж буй талаар асуухад тавихад дараах байдлаар хариулсан юм.
Тодруулбал, оролцогчдоос "Та ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртөж байсан уу" гэх асуултад нийт судалгаанд оролцогчдын 70 орчим хувь нь тийм гэх хариултыг өгчээ. Өөрөөр хэлбэл, тэдний зүгээс нийгмийн харилцаанд оролцоход ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртдөг хэмээн хариулсан байгаа юм. Харин 10 хувь нь хүчирхийлэлд өртөж байсан эсэхээ мэдэхгүй хэмээн хариулснаас үзэхэд нийгэмд хүчирхийллийн талаарх ойлголт дутмаг байгааг харж болохоор байсан юм. Тийм ч учраас эрчүүд ч бас өнөө л хүчирхийллийн тойрогтоо гацчихсан байгааг харж болох юм.
Иймд бид дээрх нийтлэлээрээ хүчирхийллийн өмнө дуугаа хураагаад байлгүй бас “хүчирхийллийн тойрогт”-оо гацахгүйгээр нийгэмд ил гаргаж, өөрсдийн дуу хоолойг олон хүмүүст хүргэж бас өөрсдийнхөө зөрчигдөөд буй эрх ашгаа өөрөө хамгаалах ёстой гэдгийг сануулахыг хичээв. Түүгээр ч үл барав “Жаргалтай гэр бүл”-ийг цогцлооход гэр бүлийн гишүүн бүрийн үүрэг оролцоо чухал бөгөөд магадгүй та архи, согтууруулах ундаа хэрэглэдэг бол түүнээс татгалзаж, эхнэр хүүхдийнхээ нүдэнд нулимс биш баяр хуруулж байхыг мөн өдөр шөнөгүй эр нөхрөө хэмлэж байдаг бол алдаагаа ухамсарлаж, сэтгэл санааны хүчирхийлэлд өртүүлэхгүй байхыг хичээх нь зүйтэй биз ээ.