НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэх асуудлыг 100 мянган иргэн дэмжиж, УИХ-аар шийдвэрлүүлэх боломжтой болсон. Энэ талаар нийгмийн сүлжээнд илэрхийлсэн зарим байр сууриудыг хүргэж байна.
Б.Гантулга CEO клубын ерөнхийлөгч "Одоо бизнест татвараа төлдөг, НӨАТ-ын баримт өгдөг нэг хэсэг байхад татвараас зугтдаг, НӨАТ баримт өгдөггүй нэг хэсэг байна. Татвар төлөхгүй гээд зугтаж байгаа хүний татварыг 1% болгоод ч тэр хүн татвараа төлөхгүй зугтаана. Тиймээс бизнесийн хамгийн гол зорилго болсон хэрэглэгч, харилцагч нарын тусламжтайгаар татвар төлүүлдэг болгох гол хөшүүрэг нь НӨАТ буцаан урамшуулал олгох систем.
Үр дүнгээ өгч байгаа энэ системийг хөгжүүлэх, дараагийн шатанд нь гаргах цаг нь болсон гэж бодож байна. Мөн НӨАТ буцаалтын ихэнх хувийг өндөр хэрэглээтэй 10% баян иргэд авна гэсэн ухааны тайлбар тавьж байна лээ. Уг нь бол тэр 10% нь тухайн жил орон сууц худалдаж авч байгаа залуу гэр бүл, автомашин худалдаж авч байгаа л иргэд ихэнх нь байгаа даа. Тэгэхээр нэг их баян даа ч биш угаасаа их мөнгөний худалдан авалт хийж байгаа хүмүүс их буцаалт урамшуулал авна гэдгийг ойлгох хэрэгтэй" гэв.
Л.Оюун Эдийн засагч "НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх нь төсөвт ямар ч дарамт болохгүй. Харин ч сүүдрийн эдийн засаг агшиж, төсвийн орлого нэмэгдэнэ. Иргэдэд НӨАТ тавьж, буцаан олголтыг бий болгосноор иргэдийн худалдан авалтаар дамжуулаад аж ахуйн нэгжүүдийн орлогыг бүртгэгдэж, татварын бааз суурь өргөжинө. Сангийн сайд Б.Жавхлан төлж байгаа хэдээсээ л ахиухан шимэгчлээд байх санаатай байгаа болохоос бус татварын сууриа нэмэгдүүлье, өргөжүүлье гэсэн ямар ч санаачилга байхгүй. Арай л хойрго уу. Адилхан л эдийн засагч хүн биз дээ. Одоо иргэд маань саналаа идэвхтэйхэн өгөөд, хаа хүрдгийг нь харах хэрэгтэй дээ. Шүүмжлэлээс илүү оролцоо чухал" гэв.
Н.Золжаргал Монголбанкны ерөнхийлөгч асан "НӨАТ-ын урамшууллын хувь хэмжээг нэмэх асуудлаар ОУВС-гийн суурин төлөөлөгч Тигран Погосян "НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмэх нь ядуурал нэмэх, валютын ханшийг өсгөх, нөөц багасгах, инфляци нэмэгдүүлэх аюултай. Тиймээс урамшууллын хувь хэмжээг 5 хувь болгохгүй байхыг зөвлөж байна. Төсөв төгрөгөөр татвараа хурааж аваад зарцуулахад импорт, ханш, инфляцид нөлөөлдөггүй" гэлээ.
Ж.Энхжаргалан Энтрепренер "2022 оны турш аж ахуйн нэгжүүдээ төлөөлж НӨАТ, НДШ дээр өөрийн чадлын хэмжээнд дуугарч талбай дээр олон удаа очиж дуу хоолойгоо илэрхийлсэн. Эргээд мөн ч их дайралт ирсэн. Намайг төлбөртэй жагсагч, цэнхэр, улаан намын гар хөл өөр юу юу ч гэлээ хэлэх хэлэхгүйгээр хэлсэн. Өнгөрсөн жагсаалуудад оролцож байсан залуусын бүх шаардлагын эхэнд НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх байсан юм шүү. Тиймээс НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх оролдлого дарга нараас гараагүй. НӨАТ-ын буцаалтаа эхний ээлжинд 5 хувь болгоод авах нь туйлын зөв юм шүү. Энэ хүртэл авч ирэх гэж олон мянган залуус гадаа халж, хөрөн байж дуу хоолойгоо илэрхийлсэн" гэсэн юм.