Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БАЙР СУУРЬ: НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгосноор татварын бааз тэлж, иргэд НӨАТ-аа нэхэж шаардаж авдаг болно

Огноо
Унших
5 минут 37 секунд

УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр D-Өргөдөл буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-ийг олон нийтэд танилцуулж, хамгийн анхны олон нийтийн санал асуулгыг НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 болгон нэмэгдүүлэхийг дэмжих эсэх талаар эхлүүлсэн. Тэгвэл энэ нь эдийн засгийн хувьд хэр боломжтой, ямар ач холбогдолтой талаар УИХ-ын зарим гишүүдийн байр суурийг сонслоо.

-НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох нь татвараас зайлсхийж байгаа компаниудын татвар төлөлтөд оролцох эдийн засгийн хөшүүрэг нь болно-

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Өнөөдрийн нөхцөл НӨАТ-ын буцаан олголтоор хоёр хувийг өгч болж байна шүү дээ. Хоёр хувийг буцаан олгож болж байгаа бол таван хувийг олгох боломж байгаа гэсэн үг. Эдийн засгийн тооцоо бий юу гэж хүмүүс их асууж байгаа. НӨАТ гэдэг бол бүртгэл тайлан тооцоог илүү сайжруулдаг татварын хэлбэр шүү дээ. НӨАТ-ыг анх нэвтрүүлэхэд компаниудын борлуулалтын мэдээлэл, тайлан тооцоо сайжирсан. Татвар төлөгчдийн тоо хамаагүй нэмэгдээд ирсэн шүү дээ. Гэхдээ өнөөдөр татвараас зайлсхийж байгаа бизнесүүд олон бий. Буцаан олголт нэмэгдээд ирэнгүүт компаниуд өөрсдөө сонирхоод эхэлнэ шүү дээ. Компаниудаас гадна жижиг бизнес эрхлэгчид, хувь иргэд сонирхоно. Тэгэхээр үүнд оролцох эдийн засгийн хөшүүрэг сонирхол нэмэгдэж байгаа юм. Олон хүн татвар төлөөд эхлэхээр татвар нэмэгдэнэ. Зөрүү нь гараад ирнэ. Бусад орнуудын жишээг харахад, Норвеги 25 хувийг бүрдүүлдэг. Барууны орнуудад 10-20 хувийг төлж, буцаан олголт хийдэг. Тэгэхээр ийм хэмжээний буцаан олголтыг олгох нь зөв.

Гадаад худалдаа эрхэлж байгаа компаниудын хувьд гааль дээр татвараа төлж байгаа. Гэтэл гааль дээр татвараа төлөхдөө гаалийнхантайгаа тохиролцоод, татвараа бага төлөх үүднээс өгч буй мэдүүлгээ өөрчилдөг асуудал байна. Уг нь гааль болон НӨАТ-ын мэдээ мөргөж байх ёстой. Гэтэл мөргөхгүй тохиолдлууд байна. Тэгэхээр буцаан олголтыг нэмж татвараа төлөх сонирхол нэмэгдээд ирэнгүүт нь гаальд мэдээллээ илүү үнэн зөв өгөх магадлал илүү нэмэгдэнэ. Мэдээж гаальтай холбоотой ажиллах ёстой бусад асуудлууд бий.

-НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмэгдүүлэх нь татварын бааз суурийг тэлэх санаа-

УИХ-ын гишүүн Э.Батшугар: Эдийн засгийн хувьд бололцоотой гэж харж байгаа. Бусад улс орнуудад ч татвар төлөгчөө болон бизнесүүдээ дэмждэг бодлого байдаг. Гол агуулга нь НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэх нь татварын бааз суурийг тэлэх санаа. Ингэснэр эдийн засаг өөрөө улам ил тод болно. Мөн иргэнд очиж буй буцаан олголт нь эргээд эдийн засгийн эргэлтэд орох учраас эрэлтэд тодорхой хэмжээний дэмжлэг өгнө гэж бодож байна. НӨАТ хэрэгжиж эхлэхээс өмнө далд эдийн засаг өнөөдрийнхөөс харьцангуй өндөр байсан. И баримт нэвтрүүлснээс хойш эрс багассан. Олон улсын судлаачдын үзэж буйгаар 28 хувийн далд эдийн засаг байна гэж үздэг. Ингэхдээ тэд Монгол Улсад далд гэхээсээ илүү саарал эдийн засаг байна гэж хардаг.

-НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгосноор татварын бааз суурь тэлж, иргэд НӨАТ-аа нэхэж шаардаж авдаг болно-

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг хэрэгжүүлэхээс өмнө НӨАТ-ын татвараас 2.7 их наяд төгрөг хуримтлагддаг байсан. Хоёр хувийг буцаан олгосноор НАӨТ-аар бүрдэж байгаа татварын орлого 4.7 их наяд төгрөг байгаа юм. Нэг хэсэг сугалаа хийхгүй явж үзсэн шүү дээ. Тухайн үед НӨАТ-ын орлого нэлээдгүй хэмжээгээр буурсан. Заавал сугалаа явуулж байж идэвхждэг нөхцөл байдал үүсчихээд байна. Зах худалдааны төвөөр явахад ч тэр "НӨАТ-гүй авбал таван хувь хямдруулаад өгье" гэдэг зүйлийг худалдаачид хэлдэг. Энэ нөхцөлд зарим иргэд и баримтад бүртгүүлэхээс залхуурдаг. Зарим хэсэг нь хоёр хувийн оронд таван хувь нь дээр юм байна гэсэн сэтгэхүйтэй байна. НӨАТ-ын сугалааг явуулахгүйгээр таван хувийн буцаан олголтоо өгвөл татварын орлого нэмэгдэж, далд эдийн засаг ч багасна. 2024 оны төсвөөр НӨАТ-ын татвараар 5.7 их наяд төгрөг хуримтлуулна гэсэн таамагтай байгаа юм. Таван хувиар олгож эхлэхэд ойролцоогоор 600 тэрбум төгрөг улсын төсвөөс нэмэлтээр гарна. Гэхдээ эргээгээд татвар тэлэхийн хэрээр татварын бааз суурь тэлж, иргэд НӨАТ-аа нэхэж шаардаж авдаг болно.

SOCIAL POP: З.Энхболд малчин болохоор туршлага судалжээ
SOCIAL POP: З.Энхболд малчин болохоор туршлага судалжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.