ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллаггааны хэлтсийн дарга Б.Янжмаа ээлжит хэвлэлийн хурлын үеэр дэлхий дахинд вакцин бүтээх үйл явц ямар байгаа талаар мэдээлэл хүргэлээ Тэрээр:
"ДЭМБ-аас гаргасан мэдээллийн дагуу Ковид-19 халдварын эсрэг вакцины 166 судалгаа идэвхтэй байдлаар хийгдэж байна. Тэдгээрээс 141 нь эмнэлзүйн өмнөх шатны судалгаа буюу амьтад дээр турших туршилтын шатандаа байгаа бол 25 нэр төрлийн вакцин эмнэл зүйн туршилтын шатандаа байна. Тэдгээрээс 6 вакцин эмнэл зүйн сүүлчийн шат буюу гуравдугаар шатны туршилтын судалгааны ажил нь ид хийгдэж байна. Тэдгээрийг танилцуулбал,
- БНХАУ-ын Сенобак группын хөгжүүлж буй идэвхгүйжүүлсэн вакцин байна. ОУ-ын хэвлэл мэдээлэлд коронавак гэх нэршлээр мэдээлэгдсэн байгаа.
- БНХАУ-ын Сенофарм группын Уханийн биологийн бүтээгдэхүүний хүрээлэнтэй хамтран хөгжүүлж буй идэвхгүйжүүлсэн вакцин байна.
- Мөн Сенофарм группын Бээжингийн биотехнологийн хүрээлэнтэй хамтран хөгжүүлж байгаа идэвхгүйжүүлсэн вакцин байна.
- Их Британийн Оксфордын их сургууль болон Астразенека биотехнологийн компанийн хамтран гаргаж буй вакцин байна.
- БНХАУ-ын Цэргийн анагаах ухааны академийн харьяа биотехнологийн хүрээлэнтэй хамтран хөгжүүлж буй адинавирус төрлийн вакцин байна.
- АНУ-ын Харшил, халдварт өвчин судлалын хүрээлэнгийн захиалга санхүүжилттэй тус улсын “Модерна” компанийн хөгжүүлж буй шинэ коронавирусний уургийн тогтворшсон хэлбэрийг агуулсан вакцин байгаа. Энэ вакцины хувьд өнөөдөр буюу 27-ны өдрөөс эмнэл зүйн гуравдугаар шатны туршилт судалгаа эхэлж байгаа." гэв.
Үлдсэн вакцинуудын хувьд эмнэлзүйн нэг болон хоёрдугаар шатанд судалгаа нь хийгдэж байгаа аж.