Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Охиныг хулгайлсан гэх сэжигтэн Г.Гантулга, түүнийг барьсан тээврийн жолооч нарын дунд юу болов

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
12 минут 48 секунд

-СЭЖИГТЭН Г.ГАНТУЛГЫН БИЕЭС ГАДААД ПАСПОРТ ОЛДСОН БӨГӨӨД ХЯТАДААС 27-НЫ ӨДӨР ОРЖ ИРСЭН БАЙЖЭЭ-

Дорноговь аймгийн Сайншанд сумын VI сургуулийн сурагч 12 настай Д охин сураггүй болоод гурав дахь хоногтойгоо залгаж байна. Охин өнгөрсөн мягмар гарагийн өглөө 07:10 цагт хичээлдээ явахаар гэрээсээ гарсан. Гэр сургууль хоёрын зай 4-5 км орчим учир такси барихаар гараа өргөжээ. Охиныг цагаан өнгийн “приус-20” машин зогсож авч явсан нь камерт бичигдсэн байдаг.

Охин сургуульдаа ирээгүй талаар ангийн багш нь цаг алдалгүй ар гэрт нь мэдэгдсэнээр эрлийн ажиллагаа эхэлсэн. Эрэн хайх ажиллагаанд цагдаагийн албан хаагчид 3-ны 11:00 цагийн үеэс эхлүүлж, хяналтын камеруудыг шүүж эхэлсэн байгаа юм. Сэжигтэн этгээд Сайншандын төвийн хяналтын камертай хэсгээр зорчоогүй, гэр болон байшин хороолол дундуур явж сумаас баруун тийш гарсан нь тогтоогдсон байдаг. Ингэснээр цагдаагийн байгууллага орон нутгийн удирдлагуудад мэдэгдсэн. Аймгийн Онцгой комисс 3-ны өдрийн 21:00 цагт шуурхай хуралдаж, Дорноговь аймгаас орж гарах хөдөлгөөнийг түр хязгаарласан. Мөн дээр нь эрэн хайх ажиллагаанд хүч нэмэгдүүлж, орон нутгийн төрийн байгууллагынхан, цэргийн ангийн нийт 200 гаруй албан хаагч, сайн дураар нэгдсэн 300 гаруй иргэн нэгдэж хайж эхэлсэн.

Сэжигтний явсан маршрутын дагуу Дорноговь, Өмнөговь, Дундговь аймгийн Цагдаагийн газрууд бэлэн байдалд шилжиж, ойр орчмын сумдын хөдөлгөөнийг хянаж шалгаж эхэлжээ. Эрэн хайх ажиллагааны явцад маргааш нь буюу лхагва гаригт охиныг машиндаа тээвэрлэж Сайншандаас авч гарсан сэжигтэн Г.Гантулгыг Өмнөговь аймгийн Манлай сумын нутгаас саатуулсан байна. Цагдаагийн байгууллага сэжигтний мэдүүлгээр эрлийн ажиллагааг өчигдөр үргэлжлүүлсэн юм.

Сэжигтэн Г.Гантулгыг анх тээврийн жолооч нар олж саатуулан, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байдаг. Уг үйл явдал хэрхэн өрнөсөн талаар орон нутгийн нэгэн иргэнтэй ярилцлаа.

-Сэжигтнийг танай сумын нутгаас барьж саатуулсан. Энэ үйл явц хэзээ, хэрхэн эхэлсэн талаар ярьж өгөхгүй юү?

-Гуравны өдөр сумын төрийн байгууллагуудын хэмжээнд 15:00 цагийн үед мэдээлэл ирсэн юм билээ. Дорноговь аймгаас сураггүй болсон 12 настай охиныг тээвэрлэж явсан байж болзошгүй машин Манлай сумын нутаг дэвсгэрт нэвтрэн орсон байх магадлалтай.

Тиймээс сум руу орж гарч байгаа тээврийн хэрэгслийг хянаж шалгах шаардлагатай байна гэсэн агуулгатай. Энэ мэдээллийг сонссон Соёлын төвийн нэгэн ажилтан аав, ээждээ дуулгасан байгаа юм. Аав, ээж нь сумаас 30 км-т гуанз ажиллуулдаг хоёр хөгшин бий. Тэдэндээ “Ийм айхавтар хэрэг гарсан байна. Манай сумын нутгаар машин нь явж байгаа бололтой. Анхааралтай байгаарай. Сэжигтэй машин ирвэл наашаа мэдэгдээрэй” гэсэн байгаа юм. Ингээд 17:00 цагийн үед нөгөө хоёр хөгшин сум руу холбоо барьсан байсан. “Манай гуанзанд нөгөө сэжигтэй нөхөр чинь ирлээ” гэж.

-Сэжигтнийг тээврийн жолооч нар анх олж тогтоосон гэсэн. Замын гуанз дээр болсон байж ээ?

-Тэгсэн. Охин сураггүй болсон мэдээллийг аймаг даяараа авсан. Ялангуяа Манлай сумын нутагт явж байж магадгүй гэдгийг олон хүн сонссон юм байна. Тэдний нэг нь нүүрс тээврийн жолооч залуу. Ер нь манай сумын нутгаар нүүрс тээврийн жолооч нар дайран өнгөрдөг газар шүү дээ. Тэдний нэг нь энэ мэдээллийг сонсоод өөрийн танил М гэх жолоочтой таарахдаа “Дорноговиос хүүхэд алдагдсан байна. Жи обудтай саарал өнгийн приус аваад явсан байх магадлалтай. Анхаарч яваарай” гэсэн байдаг. Ингээд энэ мэдээллийг авсан жолооч М сумаас зүүн хойно Өлзий багийн нутгаар явж байхад нь 4-ний 16:00 цагийн үед цагаан өнгийн приус машин зогсоосон байгаа юм. Мэдээж өмнө нь мэдээлэл сонсчихсон явсан жолооч. Бууж очоод мэнд ус болсон. Приусын жолооч залуу машиныхаа цонхыг онгойлгож мэндлээд “Тамхи байна уу, ахаа” гэхэд хайрцаг тамхи гаргаад өгсөн. Залуу өөрөөсөө 10 мянгатын дэвсгэрт гаргаж ирээд “Буцаалт хэрэггүй ээ, ах” гэсэн юм билээ. Тээврийн жолооч яриа өдөж, хаанаас хаа хүрч явааг асуухад “Мандахаас гараад явж байна. Манлай орно. Бензин дуусч байна” гэж. Тэгэнгүүт жолоочид хардлага төрсөн. “Мандахаас гарсан нөхөр мөнгөтэй мөртлөө тамхиа аваагүй, бензин ч аваагүй байна гэдэг учиртай байх нь” гэж бодоод сэжиг төрүүлэхгүйгээр тамхиа өгөөд явуулчихсан байгаа юм.

-Сэжигтэн Манлай сум руу хөдөлсөн хэрэг үү?

-Тэгсэн гэсэн. Хөдлөнгүүт жолооч Манлай сумын цагдаа руу ярих гэхэд утас нь холбогдоогүй. Тэгэхээр нь ойролцоох Сайхандулаан сумын цагдаа руу хэл дуулгасан. Тэгээд ч сэжигтэй нөхрийг барьж авах хугацаа үлдээгүй болохоор бодсон байгаа юм. “Замд Батын гуанз байгаа. Түүн дээр барьж авах боломжтой” гэж. Ингээд таньдаг жолооч нартайгаа холбогдож, гуанзанд хэн, хэн байгааг лавласан. Тэгэхэд 4-5 жолооч байгааг сонсоод учир байдлыг хэлсэн. “Сэжигтэй приус та нарыг чиглээд явлаа, саатуулаарай” гэсэн байгаа юм. Ингээд нөгөө жолооч нар ярьж тохирсон. Өөрсдөө шалаанз, хово барьдаг учраас шууд зогсоох боломжгүй. Тэдний дунд “Прадо 76”-тай нэг жолооч байсан. Түүндээ үүрэг өгөөд сэжигтний замыг тос гээд явуулсан. Сэжиг төрүүлэхгүйгээр зогсоож, зам асуугаад яриа хөөрөө өдөж байгаад “Хоол идье” гээд гуанз руу аваад ир гэж даалгасан. Хэрэв зугтаавал шууд урдуур нь орж зогсоо гээд бүх арга чаргыг хэлээд явуулсан байдаг. “Прадо 76”-тай жолооч ч замдаа гарсан. Сэжигтэнтэй таарсан.

-Жолооч нар самбаачилгатай ажиллаж ээ?

-Маш нарийн зохион байгуулалттай ажилласан юм билээ. Учир нь тэдний дунд өмнө нь цагдаад дөрвөн жил ажилласан нэг нөхөр байсан. Тэр л чиглүүлж, удирдсан байсан. Сэжигтнийг ирэхээс өмнө хүний эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй хутга шөвөг бүх юмыг нь далд хийлгээд бэлтгүүлсэн. 76-тай нөхөр ч сэжигтнийг гуанз руу аваад ирсэн. Ингээд ширээн дээр тал талаас нь бүчиж сууж байгаад яриа өдөж ажигласан байгаа юм. Нөгөө этгээд нь “Бензин дуусч байна. Утасны цэнэг дуусчихлаа, цэнэглээд өгөөч” гэж утсаа гуанзны эзэнд өгсөн. Жолооч нар хажуунаас нь хаашаа явж байгааг асууж лавласан. Тэгэхэд “Би Мандахаас явж байна. Манлай орж найзыгаа авах санаатай. Манай найз Тавантолгойд ажилладаг. Унаа тэрэг нь саатсан” гэсэн байсан. Цагдаад ажиллаж байсан жолооч л чиглүүлж асуугаад байсан гэнэ лээ. Тэгэхэд сэжигтэн этгээд нэлээд сандарч, бүр чичрээд эхэлсэн. Тэгэхэд нөгөө цагдаа жолооч “Хоёулаа гараад ярилцъя” гээд дуудаад аваад гарсан. Ингээд авч гараад “Би чамайг мэдэж байна. Чи хэрэгт түвэгт холбогдчихсон юм биш үү” гээд тулгаад асуухад яах ч аргагүй “Тийм ээ, би нөгөө охиныг хулгайлсан залуу байна. Гэхдээ охин амьд” гэсэн байдаг. Тэгэнгүүт жолооч “Би цагдаагийн ажилтан байна. Чамайг энд саатуулна. Чи эсэргүүцэх хэрэггүй, тэр нь чамд өлзийтэй. Чи тайван ороод хоолоо идчих” гэсэн байгаа юм. Нөгөө нөхөр ч зөвшөөрөөд буцаад гуанз руу орсон.

-Сэжигтэн этгээд өөрийгөө гэмтээсэн гэдэг байх аа?

-Жолооч нар гадна ярилцаж үлдээд сэжигтэн гуанз руу ганцаараа орсон. Дотор тогооч эгч ганцаараа байсан. Удалгүй тогооч сэжигтний сууж байсан хоолны заал руу ортол хайчаар өөрийнхөө гэдэс рүүгээ дүрчихсэн зогсож байсан юм билээ. Тогооч айсандаа гарахаар ухасхийтэл хайчтай нөхөр дахиад өөрийгөө зүссэн. Ингээд тогооч руу хайчтаa гараараа далайсан. Эгч самбайчилж сэжигтний мөр рүү түлхэж унагаад орилсон. Гадна байгаа жолооч нар ч ухасхийсэн. Хайчтай нөхөр ч босч ирээд гадагшаа гүйгээд гарсан. Тэгэхэд нэг жолоочийн замд устай данх таарч барьж аваад сэжигтнийг цохьсон. Энэ зуур өөр нэг жолооч хайчтай гарыг нь цохиж хайчыг нь газар унагаад тал талаас нь барьж авсан юм билээ.

-Тогоочийн биед халдаагүй биз дээ?

-Арай халдаж амжаагүй. Тогооч бултаж амжсан юм билээ.

-Ингээд цагдаа дуудсан байх нь?

-Тэгсэн. Манлай сум руу дуудлага өгч, эмч нар ирж тусламж үзүүлсэн. Тэгэхэд гэдсэн тус газраа хоёр удаа дөрвөн см орчим гүн зүсчихсэн, цус алдалттай байсан. Эмч нар анхан шатны тусламж үзүүлж хоёр газарт оёдол тавьж, өвчин намдаах тариа хийсэн.

-Сэжигтний машиныг шалгасан уу. Охинтой холбоотой сэжигтэй зүйл байсан болов уу?

-Тэр даруй тагнуулаас холбогдсон юм билээ. Машиных нь тээшийг шалга гэсэн үүрэг өгсөн. Ингээд шалгахад охин байгаагүй. Харин ногоон өнгийн берзинт боочихсон л байснаас өөр сэжигтэй зүйл байгаагүй.

-Саатуулсан нөхрийн биед онцлох шинж тэмдэг байсан уу?

-Сэжигтэн этгээд 160 гаруй см өндөртэй, 60-70 орчим кг жинтэй, завсрын ногоон өнгөтэй цамцтай нөхөр байсан гэж дуулсан.

-Орон нутгийн иргэн байсан уу?

-Биеэс нь бичиг баримтыг нь хураахад Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харьяат. Машин нь ч Улаанбаатар хотын дугаартай. Өөр нэг хачирхалтай зүйл нь биеэс нь гадаад паспорт олдсон. Хятад руу байнга гарч ордог байрын нөхөр байсан гэсэн.

-Яаж мэдсэн хэрэг вэ?

-Хамгийн сүүлд өнгөрсөн есдүгээр сарын 27-нд Хятадаас ирсэн байсан юм билээ. Хэдхэн хоногийн өмнө гэсэн үг.

-Охинтой холбоотой зүйл дэлгэрүүлж яриагүй хэрэг үү?

-Анх жолооч нарт баригдахдаа “Би охиныг хулгайлсан. Охин амьд. Өөр зүйлийг цагдаа нарт л ярина” гэхээс өөр юу ч яриагүй. Аймгаас Цагдаагийн бүрэлдэхүүн ирэх хүртэл тэгээд юу ч яриагүй. Сумын цагдаагийн ажилтан баривчлаад аймгаас ирэх бүрэлдэхүүнийг хүлээсэн. Тэд ирээд өнөөдөр үүрийн /өчигдөр/ 03:00 цаг хүртэл хэргийн газар ажиллаж байгаад сэжигтнийг авч явсан. Машиныг нь араас нь ачуулсан. Ийм л процесс болж өрнөсөн юм билээ гэсэн юм.

Дугаар шилжих мөчид эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байсан юм.

Эх сурвалж: Өдрийн сонин Б.Энхзаяа

Х.Булгантуяа: 356 сая төгрөгийн төсөвтэйгөөр эхлүүлж байсан хүүхэд хамгааллын үйлчилгээ өнөөдөр 8 тэрбум төгрөгийн төсөвтэй болсон
Х.Булгантуяа: 356 сая төгрөгийн төсөвтэйгөөр эхлүүлж байсан хүүхэд хамгааллын үйлчилгээ өнөөдөр 8 тэрбум төгрөгийн төсөвтэй болсон
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.