Өнөөдөр УИХ-ын чуулганаар ХЗДХ-ийн сайдад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг батламжилж, тэрбээр тангараг өргөсөн билээ. Тэгвэл ХЗДХ-ийн сайд асан Х.Нямбаатар үүрэгт ажлаа Б.Энхбаяр гишүүнд албан ёсоор хүлээлгэн өгч, тамга тэмдгээ гардуулжээ. Энэ талаараа өөрийн цахим хуудаснаа "Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдын албыг 3 жил 3 сар хашжээ. Энэ хугацаанд нийтийн эрх зүйн салбарын шинэчлэлийг гүнзгийрүүлэх, хувийн эрх зүйн салбарт шинэтгэл хийхийг зорьж ажиллалаа.
Энэ хүрээндээ 27 хуулийг УИХ-аар батлуулсан байна. Мөн УИХ-аар хэлэлцэх, эсэх нь шийдэгдсэн 13 хууль, боловсруулалтын шатанд байгаа 20 орчим хуулийн төсөлд оролцож ажилласан байна. Эдгээр хуулийн төслүүдийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон эрхэм журмын нөхөр Б.Энхбаярт хүлээлгэж өглөө.
Монгол Улсын хууль зүйн бодлогыг тодорхойлж, боловсронгуй болгох их үйлсэд хамтран зүтгэсэн ХЗДХЯ болон харьяа агентлагуудын хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Миний хувьд та бүхэнтэйгээ гар нийлэн, хамтран ажилласан нь нэр төрийн хэрэг байлаа. Хамт олныхоо цаашдын ажилд амжилт хүсье" гэжээ.