Өнөөдөр ХНХЯ, ГБХЗХГ, ЦЕГ-аас хамтран цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХНХ-ийн сайд Х.Булгантуяа хүүхэд хамгааллын төсвийг нэмэх талаар дараах мэдээллийг өгсөн юм. Тэрбээр,
"Жилд дунджаар 1500 хүүхэд гэмт хэргийн хохирогч болж байна. Гэр бүл, хүүхэд хөгжлийн агентлаг маань анх 2016 оноос хойш тусгайлан хуультай болж, анх 300 гаруй сая төгрөгийн төсөвтэй байсан, одоо 21 аймагт салбартай болсон байна.
Хөдөө орон нутагт тэр дундаа суманд малын асуудал хариуцсан таван хүн байдаг мөртлөө хүүхдийн асуудал хариуцсан нэг ч хүн байдаггүй. Тиймээс "Хүүхэд хамгааллын тухай хууль"-ийг ХНХЯ-аас шинэчлэн боловсруулсан байгаа.
Мөн ГБХХА-ийн төсвийг авч үзвэл нэг хүүхдэд оногдож буй төсөв 5000 төгрөг байдаг. Харин эрсдэлт бүлэг болон зорилтот бүлэгт амьдарч буй хүүхдэд оногдож байгаа төсөв 15000 төгрөг байгаа. Түүнээс гадна 2024 оноос 8 тэрбум төгрөгийн төсвийг 6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 14 тэрбум төгрөг болгохоор УИХ-д төсвийг өргөн бариад байна. Ингэж байж хүүхэд хамгааллын асуудлыг өргөн цар хүрээтэй болгоно" гэлээ.