Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрөгч долоо хоногт хэд хэдэн хэргүүдийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Тухайлбал, "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн удирдах албан тушаалтан Н.Удаанжаргалыг яллагдагчаар татан шалгаж буй. Ингэхдээ түүнийг бүлэглэн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэгт холбогдуулан шалгаж буй бөгөөд эл хэрэгт Г.Болдбаярыг хамт шалгаж, хэргийг прокурорт шилжүүлсэн байна.
Тодруулбал, Г.Болдбаяр нь "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргалтай бүлэглэн "Турботек" ХХК-г туслан гүйцэтгэгчээр шалгаруулан ажил гүйцэтгэх гэрээг хууль бусаар авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт буруутгагдаж байгаа юм.