Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН-ын Дэд дарга П.Галиндэв: МоАХ бол фракцын хэмжээний жижиг байгууллага биш

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
10 минут 52 секунд

Өнгөрөгч есдүгээр сард Ардчилсан нам ээлжит бус их хурлаа хийж, намын 15 Дэд даргыг сонгосон. Намаа сонгуульд авч орох удирдлагын багаа ийн өргөн хүрээтэй бүрдүүлсэн нь нам доторх бүлэглэл, фракцын эрх ашгийг хангаж буйтай холбоотой хэмээх нь бий. Тэгвэл тус намын Зам, тээврийн хөгжлийн бодлого хариуцсан дэд даргаар томилогдон ажиллаж буй П.Галиндэвтэй ярилцлаа.

-Цаг үеийн асуудлаас яриагаа эхэлье. Сүүлийн өдрүүдэд ногоон автобусны худалдан авалттай холбоотой асуудалд олон нийт анхаарлаа хандуулж байна. Танай намаас энэ чиглэлд Ажлын хэсэг гарч ажиллахаар болсон талаар мэдээлсэн. Та намын Зам, тээврийн хөгжлийн бодлого хариуцсан дэд даргын хувьд ажлын хэсэгт багтаж, гол "нурууг" авч явах талаар удирдлагууд тань онцолсон?

-УИХ дахь АН-ын бүлэг, АН-ын удирдлагууд хамтран тодорхой асуудлууд дээр ярилцсаны нэг нь нийгэмд халуун сэдэв болж буй автобусны худалдан авалтын тухай асуудал. Нэгдүгээрт, анхнаасаа энэ нь түгжрэлийг бууруулахад зориулсан, нийтийн тээврийн үйл ажиллагааг сайжруулах гэсэн үйлдэл биш байсан хэмээн харж байна. Хэрэв үнэхээр Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулъя гэж бодсон бол ямар арга зам хэрэгтэй вэ гэдэг дээр иргэдтэйгээ ярилцана шүү дээ. Өдөр тутамдаа нийтийн тээврээр зорчиж байгаа иргэдээс саналыг нь авах ёстой. Автобусны хүртээмжийг сайжруулах уу аль эсвэл такси үйлчилгээгээ сайжруулах ёстой юу. Анхнаасаа асуудлын шийдлийг хайхдаа иргэдтэйгээ ярилцаад явах нь зөв. Гэтэл энэ асуудал анхнаасаа маш хаалттай явсан. ТЕГ-ын зөвлөмжийн дагуу тендер сонгон шалгаруулалтгүйгээр шууд худалдан авалт хийсэн байгаа юм. Иргэдээсээ нууж, нийтийн тээврийнх нь асуудыг шийднэ гэж байх уу. Анхнаасаа төрийн эрх мэдлийн оролцоотой, зохион байгуулалттайгаар мөнгө шамшигдуулах гэсэн ажил байна. Оновчтой шийдэл гаргаж чадвал 320 тэрбум төгрөгөөр маш их зүйлийг хийж чадна. Энэ бол улсын төсвийн мөнгө. Иргэд татвар төлөгчдийн мөнгө. Нэг ёсондоо иргэдийн халааснаас 320 тэрбум төгрөгийг гаргаад хуучин автобус худалдан авч байна гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийг сайжруулах гэсэн бус цэвэр хулгайн асуудал болчихоод байгаа юм. Тэгэхээр хулгайн болон хариуцлагын асуудал хоёрыг ярих ёстой. Үүнд нь Ж.Сүхбаатар болон хотын удирдлагууд оролцжээ. Зарим хүмүүс нь ажлаа хүлээлгэж өгч байна зэргээр ярьж байна. Яг үнэндээ ингэж болохгүй. Ард иргэд хохирогч болоод үлдэж, хариуцлагагүй албан тушаалтнууд төрийн мөнгийг үр дүнгүйгээр зарцуулсан. Асуудал нь үлдчихсэн. Тиймээс хариуцлагыг ярих ёстой.

Ж.Сүхбаатар сайдыг өөр нэг Ж.Сүхбаатараар солиод төсвийн мөнгө буцаж бидэнд олдох уу. Олдохгүй. Тиймээс эрх баригч нам өөрөө хариуцлага хүлээх ёстой. Тэгэхгүйгээр МАН-ын муур, хулгана болж тоглодог жүжиг яваад байна. Эцсийн дүндээ ард иргэд хохирсоор л байна. Ж.Сүхбаатар гэдэг хүн огцорсноороо энэ асуудал шийдэгдэхгүй. Тиймээс намтай нь хариуцлагын асуудлыг ярих ёстой.

-Өөрийн тань хувьд намын Дэд даргаар томилогдоод багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд ажилтайгаа хэр танилцаж, ямар ажлууд дээр төвлөрөв?

-АН-ын Дэд даргаар томилогдоод нэг сар болох гэж байна. Олон дэд дарга шинээр томилогдсон учраас тодорхой салбар, үйл ажиллагааг хариуцан авч ажиллах ҮБХ-ны шийдвэр гарсан. Үүний дагуу миний бие өмнө зам тээврийн салбарт ажиллаж байсан туршлагатай учраас энэ салбарыг хариуцаж ажиллаач гэсэн намын даргын тавьсан хүсэлтийг хүлээж авсан. Ажлаа хүлээж авснаас хойш 21 аймгийг тойрч, 20 мянга орчим АН-ын гишүүд сонгогчидтой уулзлаа. Намын гишүүдтэйгээ нүүр тулж уулзаж, санал бодлоо солилцож, мэдээлэл хүргэж ажилласан.

-Нам дотроо дуугүй байж чаддаггүй хүмүүсийн нэг. Тиймээс л 2020 онд намынхаа даргатай үзэл бодол нийлээгүй-

-Та МоАХ-ны "Хөх Монголын хөх туг" чуулганд оролцож харагдана лээ. Энэ утгаараа өөрийг тань Х.Баттулгын ойрын хүн. Нөгөө талдаа С.Эрдэнэтэй өнгөрсөн хугацаанд үзэл бодлын хувьд тэмцэж ирсэн нэгэн мөртлөө одоо нэгэн дээвэр дор албан тушаалаар нэгдлээ гэж харж шүүмжлэх хүмүүс ч байна?

-Би АН-ын гишүүнээр 20 орчим жил ажиллаж байна. Энэ хугацаанд намд олон хариуцлагатай ажлыг хийсэн. Нам дотроо дуугүй байж чаддаггүй хүмүүсийн нэг л дээ. АН-д Шинэчлэлийн хөдөлгөөнийг 2015 онд намынхаа хэсэг залуучуудтай нэгдэн байгуулж, ажиллаж байсан. Бид намынхаа удирдлагуудад олон удаа шаардлага хүргүүлж байсан. Нам болоод намынхаа дүрэм журмаа шинэчлэх гэж олон хэлбэрээр ажилласан. 2020 оны сонгуульд намынхаа даргатай үзэл бодол нийлээгүй зүйл байдаг. 80-аад оны залуучууд намаа шинэчлэх гэж шийдэмгий үйл ажиллагаануудыг явуулж байсан. Түүний хүрээнд олон л шаардлагуудыг хүргүүлж ажиллаж байлаа. Нөгөө талдаа гэвэл би МоАХ-ны гишүүн мөн. МоАХ бол 1990 онд ардчилсан хувьсгалыг манлайлан түүчээлсэн байгууллагуудын нэг. Өнөөдрийг хүртэл 1990 онд тавьсан үнэт зүйл, зарчимдаа үнэнч ажиллаж тууштай тээж авч явж байгаа байгууллага гэж хардаг. МоАХ бол АН-ын үнэт зүйл, монголын ард түмний эрх ашгийг үнэт зүйлээ болгож явдаг байгууллага.

-Х.Баттулгыг Ардчилсан намын бодлого, үйл ажиллагааг сөрсөн гэдэг дээр нам дотооддоо шүүмжилж, эсэргүүцэлтэй хандах хүмүүс их байдаг. Энэ агуулгаараа намынхаа бодлогын эсрэг яваа хүнтэй АН-ын эв нэгдэл, хөгжлийн төлөө ажиллах ёстой дэд дарга нь "хөтлөлцөөд" явна гэх шүүмжлэл таныг дагаж байна?

-Энэ буруу ойлголт. МоАХ бол Монгол Улсын язгуур эрх ашиг, ардчиллын үнэт зүйлийг 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл тууштай хамгаалж яваа байгууллага гэдгийг дахин хэлье. Холбооны Ерөнхийлөгчөөр Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга ажилласаар байгаа. Энэ бол фракцын хэмжээний жижиг байгууллага биш. Ардчилсан намын гишүүд сүүлийн олон жил маш их гадуурхагдсан шүү дээ. АН-ын, МоАХ-ны гишүүн л бол ажилгүй, төрийн бүх үйлчилгээнээс хавчигдмал байж ирлээ. Харин МАН-ын гишүүн л бол тусдаа төрчихсөн хүн мэтээр харах ойлголт хүртэл бий болчихлоо шүү дээ. Тэгэхээр бид Ардчилсан намынхаа гишүүдтэй уулзаж яваа. Зөвхөн намын гишүүд гэлтгүй ард иргэдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх нь чухал.

Энэ хоёр байгууллага тусдаа бие биенээ эсэргүүцээд байгаа мэтээр ойлгох нь өрөөсгөл. Энэ бол ардчиллын төлөөх ажлуудын нэг хэсэг.

-Намын удирдлагуудтай хувь хүний зөрчилдөөн байхгүй. Анхнаасаа ч байгаагүй-

-Таны хувьд одоо намынхаа удирдлагуудтай хэр ойлголцож ажиллаж байна. С.Эрдэнэ даргын үйл ажиллагааг шүүмжилж байгаад одоо нэг "малгай" дор ажиллаж байна шүү дээ?

-Хувь хүний зөрчил байхгүй. Анхнаасаа ч байгаагүй. Үзэл бодол, арга барилын сөргөлдөөн байдаг. Энэ аль ч намд байдаг. Байгууллага, анги дотор ч байдаг л зүйл. Үүнийг аль болох ярилцаж шийднэ. Асуудлаа шийдэхийн төлөө үнэт зүйл, үзэл баримтлалаа хамгаалбал их л зүйл болдог шүү дээ. Аль болох нам дотор асуудлуудаа шийдээд явах зарчмыг барина.

-Намын Дэд дарга нарын томилгоо хийгдсэний дараагаар С.Баярцогт "Одоо манай нам сонгуулийн ажилдаа орно" гэж хэлж байсан. Ер нь сонгуульдаа бэлдээд эхэлчихсэн үү?

-Бид одоохондоо сонгууль гэхээсээ илүү ард иргэдтэйгээ ойр байж, ажиллая гэсэн бодолтой байгаа. Байнга сонгуульд бэлдэж байдаг нэг л нам бий. Тэр нь эрх баригч нам. Төрийн мөнгөөр сонгуулийнхаа ажлыг байнга хийдэг. АН-ын хувьд ард иргэдтэйгээ ойр байхыг бодож байна. Ингэж чадвал сонгуулийн итгэл дэмжлэгийг авч чадна. Тиймээс манай нам "Өрийн дарамтгүй Монгол" аяны хүрээнд улс орон даяар явж иргэдтэйгээ уулзах ажлыг эхлүүлээд байна. Ард иргэдийнхээ үзэл бодлыг сонссоныхоо дараагаар шийдвэрлэх тал дээр мөрийн хөтөлбөрөө боловсруулна. Сонгуульд заавал ялах ёстой, түүний тулд ингэх ёстой гэж явсаар Монгол Улс хөгжсөнгүй шүү дээ. Тиймээс бодитой байж, үнэнг ярья. Улс төрийн пропогонда хийгээд, том уриа лоозон гаргаад сонгуульд аль нэг нам нь яллаа гээд Монгол Улсад хөгжсөн зүйл алга. Нэг шинэ үйлдвэр, нэг шинэ ажлын байр бий болоогүй. Тиймээс сонгуульд ялахын төлөө юм хийдэг биш асуудлыг шийдвэрлэхийн төлөө бодитой шийдэл дэвшүүлж явах нь улс төрийн намын гол зорилго, үнэт зүйл байх ёстой.

Ярилцсанд баярлалаа.

Сураггүй алга болсон байсан өндөр настан сайн дураараа туслах малчнаар ажиллахаар Өвөрхангай аймагт очсон байжээ
Сураггүй алга болсон байсан өндөр настан сайн дураараа туслах малчнаар ажиллахаар Өвөрхангай аймагт очсон байжээ
 
Ёс зүй, дэгийн байнгын хороо хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэгийг боловсруулна
Ёс зүй, дэгийн байнгын хороо хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэгийг боловсруулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.