Шинээр орж ирж буй БНСУ-ын "Daewoo Bus" компанид үйлдвэрлэсэн шинэ ногоон автобусны талаар нийслэлийн холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.
Энэ үеэр НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ж.Бямбадулам:
- Мэдээллийн зөрүүтэй байдлаас болоод автобус шинэчлэлийн захирамж болон холбогдох бусад үйл ажиллагааг ямар нэгэн нууцад хамруулсан асуудал байхгүй. Энэ ажил Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ, худалдан авах тухай хууль 3.4 заалтыг үндэслэсэн. Энэхүү заалтад хуулиар төрийн нууцад хамааруулсан болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, техник, байгууламж, ажил үйлчилгээ болон галт зэвсгийг худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй гэж заасан байгаа.
Худалдан авах ажиллагаа Үндэсний аюулгүй байдалд хамааралтай байна гэдэг ТЕГ-аас нийслэлийн Засаг даргын Тамгын газар зөвлөмж ирүүлсэн. УИХ-ын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын Эдийн засгийн аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэгт хүн амын амьдралын үндсэн хэрэгцээ, эдийн засгийн бие даасан хэвийн үйл ажиллагааг хангах түүнчлэн тээвэр, мэдээлэл, харилцаа холбоо, санхүүгийн салбар, олон улс, Европын холбооны стандартад нийцүүлэн хөгжүүлнэ гэж заасан байгаа. Тийм учраас Тагнуулын ерөнхий газраас зөвлөмж ирүүлсний дагуу Засаг даргын захирамжаар Үндэсний аюулгүй байдалд хамааруулж, худалдан авах ажиллагааг хийсэн. Нууцад хамааруулсан зүйл байхгүй" хэмээлээ.