Ногоон автобустай холбоотой асуудлаар ХҮН намаас мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд, ХҮН намын Баянзүрх дүүргийн намын хорооны дарга А.Отгонбаяр, "Мэргэжлийн хүмүүс арлын дугаарыг шалгахад 1993 онд үйлдвэрлэсэн машин байна гэдэг мэдээлэл гарч ирсэн. Машины арлын дугаар гэдэг хүний хурууны хээтэй адилхан. Дахин давтагддаггүй зүйл.
Автобусны урд хаалганы хэсэгт гэрэл тусгаад харвал зэв харагдаж байгаа, арын тээшний зүүн хэсэгт будаг, замаск хийгдсэн, автобусны доод хэсэгт маолон нүхэлсэн, эрэг боолт нь дутуу, дунд хаалганы хэсэгт будаг хийсэн, цаасан скоч нь хүртэл байгаа.
Автобусны урд хаалганы доод нугасны хэсэгт ногоон будаг хийсэн байсан. Эндээс харахад уг автобусыг үйлдвэрлэлийн аргаар бус гар аргаар угсарсан гэдэг зүйл харагдаж байна.
Машин, техник үйлдвэрлэлд эхлээд бүх деталиудаа захиалаад мм-ийн алдаагүйгээр зураг төсөл гардаг. Үүний дараа будаг хийж, эд ангиудаа суурилуулдаг. Гэвч эдгээр автобусанд гэрэл, дохио зэргийг суурилуулсны дараа нэмж будаг хийсэн. Ингэхдээ маш бохир хийсэн байгаа юм. Хэрвээ миний машинд засвар хийхдээ ингэж хийсэн бол би хэзээ ч хүлээж авахгүй" гэлээ.