Хэд хоногийн өмнө сураггүй алга болж, эрэн сурвалжлагдаж байсан хүүгийн цогцсыг өчигдөр орой олсон талаар ЦЕГ-аас мэдээлсэн. Тодруулбал, Дорнод аймгийн цагдаагийн газраас эрэн сурвалжлаж байсан 7 настай “С” хүүгийн цогцсыг иргэний мэдээллээр тус аймгийн төвийн Хэрлэн сумын 3 дугаар баг Хөгшир гэх газарт дэрсэн дундаас олсон байдаг.
Тэгвэл хүүг нас барсан хэрэгт түүний хойд аав болох 34 настай “Б” гэгчийг шалгаж байгаа юм.
Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-ийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Э.Энхзаяагаас тодруулахад, "Алга болсон 7 настай хүүг эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсан. Улмаар энэ сарын 28-ны өдөр Дорнод аймгийн төвийн Хэрлэн сумын Хөгшир гэх газраас цогцсыг нь олсон. Уг хэрэгт 34 настай Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл-Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих, 27.11 дүгээр зүйл-Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэх зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэж, цагдан хорьсон" гэлээ.