Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдсон Б.Жаргалантай ярилцлаа.
-Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоооны шинэ Ерөнхийлөгчөөр томилогдоод удаагүй байна. Таны хувьд ажлаа юунаас эхлүүлэхээр төлөвлөж байна вэ?
-Манай АН өнгөрсөн нэгдүгээр сараас хойш бүх шатандаа шинэчлэлийг нэвтрүүлж эхэлсэн. Бүх шатны намын бүтэц, зохион байгуулалтын хувьд шинэ удирдлагууд томилогдож байна. Эмэгтэйчүүдийн холбоо маань энэ буухиаг үргэлжлүүлэн саяхан дээд чуулганаа зохион байгуулж, удирдлагаа сонголоо. АЭХ бол АН-ын нийт гишүүдийн 50 орчим хувийг хамарсан том байгууллага. Нэг ёсондоо үндсэн цөм байгууллага гэж ойлгож болно. Тэр ч утгаараа бидэнд маш том боломж олдож байгаа хэрэг. Учир нь АН-ын дотор хийгдэх реформуудыг эмэгтэйчүүдээрээ түүчээлж, манлайлан, АН-ын Эмэгтэйчүүдийн холбооноос эхлүүлж байдаг. Мөн намын дотоод ардчиллыг бэхжүүлэх, эв нэгдлийг хангах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулах тал дээр бидэнд боломж олдож байна гэж харж байгаа.
Миний хувьд өнгөрсөн хугацаанд намын дүрэм журам, дотоод асуудлуудад ихээхэн анхаарал хандуулан ажилласны хувьд эхний ээлжинд намын дүрэм журамтай холбоотой асуудлуудыг АЭХ-ны гишүүдийн хүрээнд голлон тавьж ажиллая гэж бодож байна. Улс төрийн нам гэдэг бол улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог бүрдүүлэхэд хамгийн том хүчин зүйл болдог байгууллага. Сонгуульд хэн нэр дэвших эрхтэй, эрхгүй гэдгийг шийдвэрлэдэг байгууллага учраас улс төрийн намын дотоод орчин, дүрэм журам нэн чухал. Тийм ч учраас энэ талаас нь намынхаа дүрэм журмыг эргэн нэг харж, тодорхой өөрчлөлтүүдийг санал болгох зорилготой байна. Мөн бидэнд мэдээллийн урсгал, ил тод нээлттэй байдал хамгаас чухал байна.
АН ямагт шинэчлэгч, шинийг эрэлхийлэгч байж ирсэн. Гэтэл сүүлийн жилүүдэд хэтэрхий хуучинсаг арга барилаар явж ирсний улмаас тодорхой алдаанууд гарсан. Тиймээс аливаа шинэ соргог зүйлүүдийг намын зохион байгуулалтад хэрэгжүүлэх тэр дундаа мэдээллийн урсгалыг нэмэгдүүлэх нөхцлийг бүрдүүлнэ гэж бодож байна.
Бүхий л зохион байгуулалт дээрээ шинэ соргог арга барил, технологийн дэвшлийг нэвтрүүлэх талаас нь хандахаар төлөвлөөд байна.
-Өнгөрөгч өдрүүдэд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгчийн сонгууль олон нийтийн анхаарлын төвд байлаа. Зохион байгуулалтын процесс дээр олон нийт өөр өөрсдийнхөө дүгнэлтийг хийнэ лээ. Таны хувьд АЭХ-ны дээд чуулганы процесс дээр ямар дүгнэлттэй үлдэв?
-Сая зохион байгуулагдсан АЭХ-ны дээд чуулган нь АН-аас гишүүдийнхээ дунд зохион байгуулсан томоохон арга хэмжээнүүдийн нэг боллоо. Дээд чуулган гишүүдийн амьд оролцоотой арга хэмжээ болж өндөрлөлөө гэж бодож байна. Зохион байгуулалтын хувьд алдаа дутагдлууд гарсан. Миний бие ч мөн адил нэр дэвшигчийн хувьд бүрдүүлэх материалын талаарх мэдээллийг маш богино хугацаанд авсан учраас материал болон процессын зарим алдаануудыг анзаарсан. Гэхдээ энэ бүхэн сонгуулийн үр дүнд нөлөө үзүүлээгүй. Миний саналын зөрүү харьцангуй өндөр байсан. Мөн чуулганы үр дүнг ч бүгд хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ үүнээс сургамж авч, цаашид үйл ажиллагаагаа илүү эрчимжүүлэх, мэргэжлийн түвшинд авч явах тал дээр шинэ удирдлагын хувьд анхаарч ажиллах ёстой юм байна гэж үзэж байна.
-Чуулганы үеэр нэр дэвшигчдид мөрийн хөтөлбөрөө танилцуулсны дараагаар гишүүд асуулт асууж, хариулт авсан. Ер нь гишүүдийн зүгээс танд хандаж ямар комментуудыг хэлсэн бэ?
-Ер нь манай намын гишүүд аль болох намынхаа эв нэгдлийг хангаж, АН-ыг ялалт байгуулах хэмжээнд хүчтэй нам, хүчтэй институт байлгах тал дээр ажиллаач гэдэг чиглэл даалгаврыг өгсөн. Нэн түрүүнд анхан шатны гишүүдтэйгээ нягт холбоотой ажиллах шаардлагатайг хэлсэн. Өнгөрсөн хугацаанд АЭХ-ны хувьд төвд суурилсан хэсэг дээрээ илүү анхааран ажилласан байхыг үгүйсгэхгүй. Тиймээс энэ удаад аймаг орон нутаг тэр дундаа сумдын бүтцийн байгууллагуудыг идэвхжүүлэх, тэдгээрт хамрагдаж буй эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх талаар анхаарч ажиллана.
Миний бие олон нийтэд илүү хүртээмжтэй байдлаар ажиллахыг хүсэж байна. Аймаг, сум, дүүрэг, баг хороо бүрт байгаа бүтцийн нэгжүүдтэйгээ хамтарч ажиллахаар төлөвлөөд байна. Энэ хүрээнд мөрийн хөтөлбөр дээрээ өмнө нь байгаагүй шинэлэг санаа дэвшүүлсэн нь бүсийн бүтцийг бий болгохоор зорьж байгаа юм.
Манай намын хувьд нийт 9 аймагт ялалт байгуулсан. Мөн нэлээн олон сумуудад АН засаглаж байна. Гэвч төв болон Засгийн газрын түвшинд МАН эрх барьж байгаа учраас манай нам хэдий ялалт байгуулсан ч дарамт, шахалтын хүнд нөхцөл байдалд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэгэхээр бид энэ тал дээр аль болох бүтцийн байгууллага болоод тухайн шатны албан тушаалтнуудынхаа дунд туршлага солилцох, хамтран ажиллах, зохицуулалтыг хийх нь зөв юм байна гэж үзсэн. Иймд тухайн шатны албан тушаалтан бүх бүсгүйчүүдээ нэгтгэж, үйл ажиллагааг идэвхжүүлнэ гэж бодож байна.
-Чуулган эхлэхээсээ авахуулаад санал хайрцаглагдсан байна гэх шүүмжлэлтэй нүүр тулсан шүү дээ. Магадгүй энэ байр суурийг зарим нэр дэвшигчид одоо ч хэлсээр байгаа?
-Миний хувьд чуулганы төлөөлөгчөөр сонгогдож ирэх хүмүүс болоод дунд шатны эмэгтэйчүүд, намын журмын нөхдөдөө аль болох идэвхтэй сурталчилгааг хийхийг зорьсон. Үүнийг "хайрцаг" гэж ч ойлгож болно. Учир нь чуулганы танхимд сонгууль үргэлжилж байгаа боловч нэр дэвшигчид зарлагдсанаас хойш сонгуулийн сурталчилгаа хийх тодорхой хугацаа өгөгдсөн байсан. Тэр хугацаанд бид намынхаа гишүүдтэй, байгууллагуудтай ажиллаад хөтөлбөрөө танилцуулж, өөрийгөө сурталчлах ажлыг явуулсан. Үүнийг хориглоогүй учраас нэр дэвшигч тус бүр хийсэн. Хэн нь илүү амжилттай сурталчилгаа хийсэн бэ гэдэг нь тусдаа өөр асуудал. Энэ үеэр намаас надад сэтгэгдэл ирүүлсэн. Тэр нь “Б.Жаргалаа миний дүү маш сайн ажиллаарай. Учир нь намын гишүүд чинь залуу үедээ чамаар төлөөлүүлэн итгэл хүлээлгэлээ. Тиймээс энэ бол зөвхөн чиний хувь хүний тухай асуудал биш. Намын гишүүд чинь энэ их итгэлийг шинэ үедээ хүлээлгэж, өндөр саналаар ялуулж байгаа асуудал” гэж хэлсэн. Тэр үг надад маш их зүйлийг бодогдуулсан.
Бидэнд намынхаа ачааны хүндийг үүрч явах үүрэг, хариуцлага мэдээж бий. Тиймээс энэ сонголтыг бид нэр хүндтэйгээр өргөж явах, юу хийж чаддаг гэдгээ харуулах ёстой. Тэр ч утгаараа манай намын сонголт надад их зүйлийг бодогдуулж байна.
-Хамтарч ажиллахын тухайд та мэдээлэл өгөөч. Та гэлтгүй бусад нэр дэвшиж өрсөлдсөн хүмүүс тань бусд хүмүүстэйгээ баг болж ажиллана гэдгээ дээд чуулганы үеэр илэрхийлж байсан. Та ч хэвлэлийн хурлын үеэр үүнийг илэрхийлсэн. Гэхдээ яаж, ямар байдлаар?
-Нэр дэвшигч тус бүрийн мөрийн хөтөлбөрт онцлог санаа, авууштай зүйлс байлаа. Жишээлбэл, Ц.Уянга маань гэр хороололд олон нийтийн төвийг байгуулах талаар тусгасан байсан. Миний хувьд ч мөн адил аймаг, дүүрэг тус бүр дээр Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны хүрээнд Cover King Space эмэгтэйчүүддээ зориулсан үйл ажиллагааг зохион байгуулах ажлыг тусгаж өгсөн. Эдгээр зүйлүүдийг нэгтгээд, нэгдсэн нэг төсөл болгон, баг болж ажиллах бүрэн боломжтой гэж харж байна. Баг болон хамтарч ажиллана гэдгийг олон түвшинд ойлгож болно. Тухайлбал, үзэл санааны түвшинд хамтраад үйл ажиллагаандаа тусгаад явж болно. Эсвэл бодитоор баг болоод тодорхой удирдлагын багт орж, төсөл хөтөлбөр хариуцаж ажиллахыг хэлж болж байна. Хамтарч ажиллах бүхий л арга, хэлбэр нь нээлттэй. Энэ талаарх уулзалтууд хийгдэж эхэлсэн байгаа.
АН-ын эмэгтэйчүүд урагшаа хараад, гар гараасаа барилцаад Монголын ардчиллыг хэрхэн бэхжүүлэх вэ, ирэх жилийн сонгуульд яаж ард түмнээ төлөөлж оролцох вэ, хэрхэн ялалт байгуулах вэ, түүний дараагаар ЗГ-ын мөрийн хөтөлбөрт хэрхэн ард түмний амжиргааг бодсон асуудлуудыг тусгаж, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах вэ гэх мэтчилэн том асуудлууд дээрээ анхаарч ирсэн. Тэр ч утгаараа саяны чуулганы илтгэл дээр дурдагдсан асуудлууд харьцангуй том асуудлууд байсан. Бүх нэр дэвшигчид эрх баригчдын алдаа дутагдлыг мөн өөрсдийн хийж чадах зүйлсийн талаар, ардчиллын талаар, бидэнд өнөөдөр ногдож буй үүрэг хариуцлагын талаар ярилаа. Тиймээс бид цаашид итгэл төгс хамтран ажиллах орчин, нөхцөл бүрдсэн байна гэж бодож байна.
-Ярилцсанд баярлалаа.