Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо шинэ Ерөнхийлөгчөө "өлгийдөн" аваад удаагүй байна. Холбооны Ерөнхийлөгчид 7 хүн өрсөлдсөнөөс улс төрийн оролцооны хувьд цоо шинэ "өнгө" хэмээн харагдсан нь цахим орчинд "Элийрэгч" нэрээр танигдсан тус намын гишүүн Ц.Уянга байв. Ардчилсан намд элсээд хоёрхон сар болж байгаа хэрнээ намын дэргэдэх холбооны тэргүүнд нэр дэвших сонголт хийж энэ хэрээрээ олон нийтээс магтаал, шүүмжлэл басхүү дайралтуудыг ч авсан. Түүнтэй бид энэ удаад АЭХ-ны үйл ажиллагаа болон Ерөнхийлөгчийн сонгуулийн процесс хэрхэн өрнөсөн талаар ярилцлаа.
-Өнгөрсөн өдрүүдэд АЭХ-ны Ерөнхийлөгчийн сонгууль олон нийтийн анхаарлын ихээр татлаа. Шинээр сонгогдсон Б.Жаргалан Ерөнхийлөгчийн тухайд яриагаа эхлүүлье гэж бодож байна?
-Б.Жаргалангийн хувь хүнтэй нь надад асуудал байхгүй. Хувь хүнийхээ хувьд харьцахад амар, шулуун шударга. Мөн ардчиллын боловсролыг багаасаа авч өссөн, намын хөгжил дэвшил дунд "өсөж бойжсон" гэдэг утгаар нь ярьвал асуудал байхгүй. Энэ удаагийн сонгуульд би Б.Жаргалан, А.Адъяасүрэнгийн эсрэг байгаагаа илэрхийлж нэрээ татсан. Учир нь сонгуулийн зарчим нь өөрөө бидний ярьдгаар давхар стандартгүйгээр, тэнцвэртэй тэгш эрхээр өрсөлдүүлэх зарчмыг олгоогүй. Түүнчлэн өөрт байгаа давуу талуудаа ашиглаж бусад нэр дэвшигчдийг өөрсдийнхөө үйл ажиллагааны нэг хэрэгсэл болгож ашиглаж байгаа нь таалагдаагүй. Урт хугацаанд засах ёстой зүйл бий. Гэтэл Б.Жаргалан дэд Ерөнхийлөгчийн албан тушаалд 8 жил ажилласан. Өөрөөр хэлбэл, суурь аппаратаараа хүчний хувьд тэнцвэргүй байдлыг бий болгосон. Яалт ч үгүй сайн ажиллаад олон нийтээс үнэлгээ аваад явж байгаа бол түүнийг үгүйсгэх аргагүй. Гэтэл өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа ковидтой холбон тайлбарлаж байгаа боловч цар тахал 8 жил үргэлжлээгүй шүү дээ. Тэгэхээр энэ байгууллага үнэхээр "унтаа", хэний ч анхааралд өртдөггүй, ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй байгууллага байж ирсэн.
Өнгөрсөн хугацаанд гадна дотнын төслөөр явагдаж байгаа зарим сургалтын ажлыг сонгуулийн сурталчилгааны нэг хэсэг болгож, өөрийн ПР болгосон нь зарчмын хувьд буруу. Хэдийгээр шинэ залуу үе байсан ч гэсэн хүсэл эрмэлзэлдээ хүрэхийн тулд хуучны ах, эгч нарынхаа буруу жишгийг хэрэглэж байгаад ялалт байгуулна гэвэл төдийлөн зөв алхам биш. Одоо байгаа дүрэм, бүтэц нь ийм байж болох. Гэхдээ манай нам 30 жил ингэж л явлаа шүү дээ. Тэгсээр байгаад бохир систем нь улам бохирддог. Бохир системээрээ аргалж, яаж ийж байгаад гарсныхаа дараа муу юмаа л хийдэг. Тиймээс л дэмжээгүй юм.
Манай нам хоёр фронтод хуваагдчихсан байгаа нь нууц биш. Худлаа дүр эсгээд яахав. Бид эвлэрсэн, жинхэнэ сөрөг хүчин болно гэж хэлж байна. Үзэл санааны хувьд нэгдэх хэрэгтэй. Одоогийн байдлаар тохирооны хувьд эвлэрсэн гээд байх шиг байна. Үзэл санаа, үнэт зүйлийнхээ хувьд нэгдээгүй байгаа бол үүнийг би эвлэрэл гэж харахгүй. Хэзээ нэгэн цагт дүр эсгэж хагарахдаа хор уршигтайгаар хагарах вий. Нийгмийн хүлээлт, Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, ардчиллын суурь зарчмын асуудал дээр тулж ирчихээд байж ийм хариуцлагагүй тоглоом хийж болохгүй гэж бодож байна.
Яахав, би одоогоор шинэ гишүүн. Бүх юмыг цэвэр явуулна гээд муйхарлаад зүтгээд байгаа мэтээр харагдаж байж магадгүй. Гэхдээ би уусаагүй байгаа дээрээ, уусахгүй байхын төлөө өнөөдөр үйл хэргээрээ өрсөлдөөнд ороод явж байна.
-Таны энэ өрсөлдөөнд оролцсоныхоо үр дүнг юу гэж харав?
-Би чөлөөт өрсөлдөөнийг бий болгож чадсан. Шударга бус зарчмаар явж байгаа хайрцагладаг, багцалдаг системийг үгүй болгохын тулд явна. Би Б.Жаргалангийн багт орж ажиллахгүй. Гэхдээ би намын эмэгтэй гишүүний хувиар эмэгтэйчүүдийн холбооноосоо явуулж буй зөв үйл ажиллагааг бүхий л чадлаараа дэмжиж ажиллана. Буруутай үйл ажиллагаа явуулбал хамгийн том тэмцэгч, эсэргүүцэгч нь байна. Үүнийгээ ч би илэрхийлсэн. Буруу лобби хийгээд явахыг эсэргүүцнэ. Б.Жаргаланг бүү фэйлдчихээсэй гэж бодож байгаа зүйл бий. Ганцхан сонгуулийн жилд ч биш. Б.Жаргалан залуу хүн. Улс төрийн карьер нь энэ ажлаа хэр амжилттай, оновчтой хийж хэрэгжүүлэхээс нь хамаарна. Одоо байгаа бүтэц нь Б.Жаргаланг татаад унагаах ч асуудал гарахыг үгүйсгэхгүй шүү дээ. Тэр тал дээр хамгаалж ажиллахыг бодно.
-Өрсөлдөөн хүчтэй өрнөсөн. МоАХ гэдэг нэр ч их сонсогдоно лээ?
-Фронтын нөгөө жигүүрт МоАХ-ынхан бий. Тэдгээр хүмүүс бол нам байгуулагдахаас өмнө байгуулагдаж байсан "эцэг" холбоо шүү дээ. Ардчиллыг цээжиндээ тээж орж ирсэн үнэт зүйлээ эргэн нэг хараасай. Үнэт зарчмаасаа ухраад, үнэнч лидерийнхээ "машин механизм" болоод явж буйгаасаа татгалзаасай. Ойлголцоход хэцүү замыг туулах ч гэлээ хэзээ нэгэн цагт бид ойлголцох байх. Үнэт зүйл нэг байгаа гэж итгэж байгаа.
Авлигын ямар нэгэн асуудалд нэр холбогдсон бол түүнийгээ шийдвэрлэчихээд, АН-ын эсрэг явсан, сөрөг хүчнээсээ зөвлөхийн албан тушаал хүртэл аваад явж байсан хүмүүсээсээ салж ард түмнийхээ өмнө хүлээн зөвшөөрөгдсөнийхөө дараа амбицаа гаргаж илэрхийлээд явсан бол дэмжихгүй гэж зүйлгүй.
Нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхгүй байгаа асуудлыг бид өмнөөс нь цэвэрлэж, "Хулгайч биш, Женкогийн хүн биш" гэж хэлэх ажлыг хиймээргүй байна. Бидэнд тийм цаг ч байхгүй. Зарчмын хувьд ч буруу. Тиймээс би энэ удаад фронтын нэг талдаа ч гэсэн ялалтыг авч ирж байгаад баяртай байна.
-Б.Жаргаланд маш том ачаа ирж байгаа. Цаг алдалгүй ажиллаж эхлэх шаардлагатай-
-Б.Жаргалан бусад нэр дэвшиж өрсөлдсөн хүмүүстэйгээ баг болж хамтарч ажиллана гэж нэлээн дурдсан. Гэхдээ яг ямар байдлаар хамтрах вэ гэдэг асуулт байна. Өөрт танд ямар нэг байдлаар албан тушаалд очих санал тавьсан зүйл бий юу?
-Тийм цаг гарсангүй л дээ. Тогтоол унших гэсээр байтал нэлээн хугацаа өнгөрсөн. Маргаан ч үүссэн. Мандатын эрхгүй Баасан мэтийн хүмүүс санал өгсөн гэх мэт асуудлууд гарсан. Түүний учир начрыг олох гэж зөрчил үүссээр үүрийн 04.00 цаг орчимд тарцгаасан. Түүнээс хойш 4-5 хоног нойр хоолгүй явцгаасан хүмүүс чинь өнөөдөр л уулзалдлаа. Баг болж ажиллана гэж мэдэгдсэн. Гэхдээ тэр нь удирдлагын түвшинд үү аль эсвэл хийх гэж буй төсөл арга хэмжээний хүрээнд үү гэдгийг хэлж мэдэхгүй юм. Албан тушаал өгч гомдлыг нь тайлж байгаа мэтээр аль эсвэл хуйвалдчихсан байсан юм шиг харагдуулах нөхцөл байдлыг бүү үүсгээрэй гэдгийг би хэлсэн.
Би удирдлагын албан тушаалд очихгүй. Харин нийгэмд хийх ажлууд дээр бүх талаараа баг болж дэмжиж ажиллана. Бусдаар Б.Жаргалан кабинетээ хэрхэн зохион байгуулах нь өөрийнх нь асуудал.
Дотоод сонгуулийн ажил дээр багцалдаг, хайрцагладаг бүтцийг эвдэж, бүх зүйлээ бэлдсэнийхээ дараа сонгуулиа явуулдаг жишгийг манай нам тогтоогоосой. Үүнийг манай эмэгтэйчүүдийн холбоо манлайлж хийгээсэй гэж хүсч байна. Энэ нь манай шинэ Ерөнхийлөгч, залуу манлайлагч Б.Жаргалангийн маань хүсэл эрмэлзэл шийднэ. Бид ч бүх талаас нь шахаж, шаардаад явна. Энэ реформыг хийх эсэх нь одооноос эхлэх асуудал учраас Б.Жаргаланд маш их хариуцлага ирж байгаа. Нэг жилийн дараа сонгууль болох гэж байна. Тэр үед нам дахин ялагдал хүлээвэл эргээд энэ байгаа бүрэлдэхүүн огцрох асуудал хөндөгдөнө. Тиймээс Б.Жаргаланд маш том ачаа ирж байгаа. Цаг алдалгүй ажиллаж эхлэх шаардлагатай. Үүнийгээ ч ойлгож байгаа байх.
-АЭХ-ны чуулганы үеэр таниас гадна хоёр ч хүн гэнэтхэн нэрээ татсан. Гэхдээ чуулган эхлэхээс ч өмнө гол тоглоом А.Адъяасүрэн, Б.Жаргалан хоёрын дунд явагдана гэх таамаг байсан. Гурван нэр дэвшигчийг Б.Жаргаланг дэмжиж, саналыг нь хуваахгүй гэсэндээ нэрээ татлаа гэдэг таамаг явсан. Зөв үү?
-Нэгэнт өгөгдсөн платформ дээр бид тоглож байгаа шүү дээ. Бараг л нэг институц доторх хоёр институцын тулаан болж байгаа байхгүй юу. Тэр дунд нь юугаа ч мэдэхгүй над шиг сайн дурын хүн ороод ирчихсэн. Түүнийг Б.Жаргалан, А.Адъяасүрэн хоёртой холбож ярих нь нэг талаараа өрөөсгөл байх. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд улс төрийн лоббигоо фракц бүлэглэлд хувааж, түүнийгээ албан тушаал хуваарилалтын ашиг сонирхлын зөрчлүүд дээр үүсээд явчихсан юм билээ. Дотоод сонгуулийг нь харахад ардчилсан мэтээр харагдаж байгаа боловч мандат дээрээ багцлаад удирдаад явчихдаг. Түүнийг мэдээгүй царайлах хэрэггүй шүү дээ. Жишээлбэл, манай намд байгаа УИХ-ын гишүүд гэхэд өөрсдийн гэсэн багцтай. Багцад байгаа хүмүүс нь командаар явчихдаг л юм байна. Нөгөө талдаа намын хоёр фронт тулалдаж байгаа учраас А.Адъяасүрэнг гаргахгүй гээд фракцлаад Б.Жаргаланг гаргасан байж болох. Тэр бол улс төрийн нүүдлийн хувьд буруу зүйл биш. Эрсдэлтэй байх алхмаас гарахын тулд хоорондын тохироо хийсэн байж болно. А.Адъяасүрэнд дуртай, дургүйдээ биш. Түүнийг Женкогоор л харж байгаа учраас АН зарчмаараа явж байтал дахин ирж замнах вий гэдэг айдсаас л ийм нөхцөл байдал үүссэн. Бие биенийгээ үзэн ядсандаа биш.
Би нялх хүүхэд биш. Хэдийгээр надад улс төрийн туршлага байхгүй байж болох ч улс төрийг ойлгодоггүй хүн биш. Нийгмийн хүлээх улс төрийн оролцоог хамгийн идэвхтэйгээр хийж явлаа. Юмыг мэдэрнэ шүү дээ. Сошиалаас ч, нам дотроосоо ч нэлээдгүй дэмжлэг авсан.
А.Адъяасүрэнд 40 хувийн хөдөлгөөнгүй "багц" бий болчихсон байсан. Хамгийн аюултай байдал нь бидний хэн нь ч гарахгүй байж, Б.Жаргаланг давхар татаж унагаах нөхцөл үүсэх байсан гэж би харж байгаа.
Заалаа бас мэдэрнэ шүү дээ. Хөдөлгөөн, дуу хоолой, илэрхийлэл гээд л. Хоёр фронт тухайн мөчид хуваагдаж эхлэх мөчид нэр дэвшигчид нэрээ татаж эхэлсэн. Би юу ч бодоогүй сууж байсан. Ядаж эцсийг нь үзээд чансаагаа үзье гэж бодож суусан. Хоёр ч нэр дэвшигч нэрээ татаад ирэхээр нүдэнд шууд л тоо бодогдоод эхэлнэ шүү дээ. Тэд бэлтгэгдсэн төлөвлөгөөнийхөө дагуу явуулахаар улайрч буй нь харагдсан. Би ч бууж өгөөгүй. Илэрхийллээ, уриалгаа гаргах гэж үзээд нэрээ татсан. Б.Жаргаланг дэмжинэ гэж нэрээ татаагүй. Хэнийг ч дэмжих вэ дээ. Бүгд л өрсөлдөж байгаа шүү дээ.
Б.Жаргалан, А.Адъяасүрэнд дургүйдээ биш. "Бугшсан нөхцөл байдлыг эвдэж, энэ хоёр хүнээс өөр хүнийг сонгоод өгөөч" гэж хэлээд тайзнаас буусан ч дүр зураг ойлгомжтой болчихсон байсан.
Зохион байгуулалтын нарийн командаар явж байгаа зүйлийг ганц би гарч ирээд эвдэхгүй шүү дээ. Гэхдээ би энэ удаа өөрөө өөрийнхөө хувьд маш том ялалтыг авч ирлээ гэж харж байгаа. Миний улс төр дөнгөж эхэлж байгаа. Миний цаад зорилго эмэгтэйчүүдийн байгууллага биш. Цаад зорилго маань нэлээн өндөрт байгаа гэж итгэж байгаа. Хүлээн зөвшөөрөгдөх хэрэгтэй.
-Намын дотоод асуудлыг гадагш задрууллаа гэх шүүмжлэл, дайралтуудыг нам дотроосоо ч авч байгаа-
-Ажлын хэсэг хуралдаж, чуулган зохион байгуулах зардлыг нэр дэвшигч нарт хуваагаад тодорхой дүнгээр мөнгө авсан юм билээ. Олон нийт дэнчингийн мөнгө гэж л харсан. Үүнтэй холбоотойгоор таныг олон нийтээс сонгуулиар нэр хийж мөнгө босгоод түүнийхээ үр шимийг ч гаргалгүй нэрээ татчихлаа гэх шүүмжлэл гарсан?
-Удахгүй миний тайлан гарна л даа. Намын дотоод асуудлыг гадагш задрууллаа гэх шүүмжлэл, дайралтуудыг нам дотроосоо ч авч байгаа. Миний зорилго бол манай нам өөрөө шилэн, ил тод, ойлгомжтой байж бусдыг дагуулна, хардлага төрүүлэхгүйгээр урагшилна. Үүнийг нийтийн дэмжлэгээр л хийнэ шүү дээ. Түүний тулд би эхлээд өөрөө тунгалаг байх ёстой. 800-аад оролцогчдийн хөдөө орон нутгаас ирэх зардал, заалны түрээс, хоол унд, байрлах буудал гэх мэт нь зардалд багтсан. Нэр дэвшихээс өмнө ажлын хэсэг санхүүгийн тайлангийн бүдүүвчээ нэр дэвшигчдэд танилцуулсан. Мөнгөний сонгууль болдог байдлыг эсэргүүцэж би хандив цуглуулж эхэлсэн. Би өөрийн хүслийн төлөө компанийн ажилчдын үүрч олсон мөнгийг улс төрийн үйл ажиллагаанд зарцуулахгүй. Манайх дотооддоо дүрэм, журамтай. Өөрийн нөөц бололцоог л шавхах хэрэгтэй. Намайг дэмжсэн хүн л хандив өгнө шүү дээ. Тэгж байж улс төрийн сонгуулийн цэвэр санхүүжилтийн суурь гарна. Энэ утгаараа хийх гэж оролдсон.
67 сая төгрөгийн зардлын талыг нь шахуу намайг дэмжсэн хүмүүсийн хандиваар босгосон. Үлдсэнийг нь өөрөөсөө гаргаж тушаасан. 28 сая төгрөг цугласан. Түүнийг нь буцаагаад өгье гэхэд хүмүүс авахгүй гээд байгаа. Тэдний зүгээс нэг удаадаа биш бидний хүсээд байгаа зүйлийг хийгээд өгөөч гэж итгэж өгсөн мөнгө гэж хэлж байгаа. Ирэх Даваа гараг гэхэд бидэнд санхүүгийн тайлангаа гаргаж өгнө гэсэн. Түүнийг харсныхаа дараа тайлангаа харуулна.
-Танай намын эвлэрэл хэр бодитой вэ. Аман дээрээ бид эвлэрсэн гэж байгаа боловч дотоод уур амьсгалыг харахад тийм ч бодит юм шиг харагдаагүй. Сүүлд энэ байдал АЭХ-ны чуулганы үеэр ч харагдсан л даа?
-Би намынхандаа уриалаад байгаа. Хамт байгаа юм шиг, "хайрлаад" байгаа юм шиг байх гээд дүр эсгээд яахав дээ. Түүндээ ядраад. Бие биенийгээ барьцаанд хийгээд л. Энэ их хол зайны гүйлт биш юм шиг санагдаад байгаа. Гэхдээ улс төрийг би тэднээс илүү сайн мэдэхгүй л байх л даа. Манай эмэгтэйчүүд дунд ойлголцож болох зарчмууд байна. Бүр фанаталчихсан хэсэг байна. Сэтгэлийн талархлаа үнэт зүйлтэйгээ хольчихсон хүмүүс ч байна. Түүнийг буруутгах аргагүй. Намаар амьдралаа залгуулдаг үзэл санаатай болчихож. Энэ хугацаанд алдаа гарсан байж болно. Алдааг хэн ч гаргаж болно. Харин алдаагаа дүгнэж, түүнээсээ дараагийн цэг рүү хэрхэн очих вэ гэдгээ ойлгож чадвал манай эмэгтэйчүүд ойлголцож чадна. Би итгэж байгаа. Буруу байдалдаа муйхарлаад зүтгээд байвал зөрчил арилахгүй.
-Ярилцсанд баярлалаа.