Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням Дарханы замын ажлыг БОГИНО ХУГАЦААНД дуусгахыг ШААРДЛАА

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 49 секунд


Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээ бүхий хатуу хучилттай авто зам болгон өргөтгөн шинэчлэхээр болсон. Гэвч тус замыг энэ оны зургадугаар сарын 20-ны өдөр хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн ч өнөөдрийг хүртэл бүтээн байгуулалтын ажил өндөрлөөгүй байна.

Энэ зам нь эвдрэл гэмтэл их байгаагаас үүдэж осол ихээр гарч байгаа тул замын ажлыг богино хугацаанд дуусгахыг УИХ-ын гишүүн Г.Дамдинням ЗТХ-ийн сайд Л.Халтараас шаардлаа.

Мөн тэрээр УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд ЗТХ-ийн сайд Л.Халтарт гурван асуулт тавьжээ.

1. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын явцын талаар;
2. Гүйцэтгэгч байгууллагуудын техник, санхүү, хүн хүчний нөөц тус замыг барьж чадах эсэх, танай яамны зүгээс хяналт шалгалтын ажлыг хэрхэн хийж, ямар дүгнэлт хийж байгаа талаар;
3. Тухайн замыг яаралтай ашиглалтад оруулахад тулгарч буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодруулахыг хүслээ.

Дээрх асуултуудын хариуг Монгол Улсын Их хурлын тухай хуульд заасны дагуу 14 хоногийн дотор бичгээр өгөх ёстой аж.

Энэхүү асуултыг илгээсэн талаараа УИХ-ын гишүүн Г.Дамдинням өөрийн фейсбүүк хуудастаа "ДАРХАНЫ ЗАМ өнөөдөр бидний хамгийн их анхаарал хандуулж, нэн тэргүүнд хийх ёстой ажил гэдэг утгаараа Зам, тээврийн хөгжлийн сайдад АСУУЛТ хүргүүллээ.

Товлосон хугацаандаа ашиглалтад ороогүй тул түр зам ашиглаж байгаа боловч эвдрэл гэмтэл ихтэй, тэмдэг тэмдэглээгүй зэргээс олон иргэд маань амь нас эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байгаа нь тун харамсалтай байна.

Иймд уг замыг нэг хором, нэг цаг, нэг өдрийн өмнө ч болов ашиглалтанд оруулах нь бидний хамтын зорилго, ажил байх ёстой. Шинэхэн томилогдсон салбарын сайд маань энэ асуудалд шуурхай хандаж, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Уг төслийн явц, мэдээллийг Та бүхэнтэй тогтмол хуваалцаж, холбогдох яам, газруудтай нягт, шуурхай хамтран ажиллах болно" гэжээ.

Түүнчлэн, Засгийн газрын бүрэлдэхүүнийг УИХ-д танилцуулж байх үеэр Дарханы замтай холбоотой асуудлыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт хандан үг хэлж байв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Зам, тээврийн хөгжлийн сайд болох Л.Халтар танд хандаж хэлэхэд Дархан, Сэлэнгэ, Орхон, Төв аймгийн нутгаар дайрч байгаа Монголын хамгийн гол транзит зам болох Дарханы зам гэдэг асуудлыг таны чихнээс салахгүй шүү. Энэ ажлыг дуусгуулахын тулд таны өрөөнд очоод суучихна. Та олон нийтэд Дарханы замыг хэдэн оны хэдэн сард дуусгах боломжтой, төлөвлөгөөгөө танилцуулаарай. Өмнөх шиг сонин цаг хугацаа хэлэхээр ард иргэд чинь ойлгохгүй байна. Үнэн зөвөөр ард олонд хэлээрэй” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням нь УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Дархан-Уул аймгийн 19-р тойрогт МАН-аас нэр дэвшиж сонгогдсон юм. Тэрээр УИХ-ын гишүүний үнэмлэх гардан авах үеэсээ эхлэн Дарханы замын асуудалд онцгой ач холбогдол өгч ажиллана гэдгээ мэдэгдэж байсан билээ. 

 

Б.ЛХАГВАЦЭРЭН

www.ubn.mn

Төвийн бүсийн зарим аймгийн нууруудад шувууны томуугийн тандалт хийлээ
Төвийн бүсийн зарим аймгийн нууруудад шувууны томуугийн тандалт хийлээ
 
Э.Батмагнай начин 23 насандаа Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг гардлаа
Э.Батмагнай начин 23 насандаа Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг гардлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.