Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гэр бүл судлаач Л.Нарантуяа: Залуучуудын гэр бүл салалтын шалтгаан эцэг, эхтэй нь ШУУД ХАМААРАЛТАЙ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 58 секунд

Монголд Улсад гэр бүл салалт дээд цэгтээ хүрлээ гэх мэдээлэл гараад олон жилийн нүүрийг үзэж байна. Сүүлийн 5 жилийн хугацаанд 19 мянга 723 гаруй гэр бүл салсан гэсэн тоо, баримт бий. Харин гэрлэлтээ бүртгүүлнээс хойш 1 жилийн дотор гэрлэлтээ цуцлуулсан 241 гэр бүл байна.

Тэгвэл UBN.mn сайт залуучуудын гэрлэлтээ цуцлуулж байгаа гол шалтгаан, түүний сөрөг үр дагавар, тэдний харилцаанаас хохирч үлдэж байгаа хүүхдийн сэтгэл зүйн талаар Гэр бүл судлаач, хуульч, хосын сэтгэл зүйч Л.Нарантуяатай ярилцсанаа хүргэж байна.

"Гэр бүл салалтын шалтгаан тэдний эцэг, эхтэй шууд ХАМААРАЛТАЙ"

-Сайн байна уу. Сүүлийн жилүүдэд залуу гэр бүлийн салалт ихсэж байна. Үүний гол шалтгааныг юу гэж харж байна вэ?

-Залуу гэр бүлийн салалтын шалтгаан бол тэдний эцэг, эхээс нь шууд хамааралтай. Бага наснаас нь хайр, гэр бүлийн боловсрол олгоогүйгээс шалтгаалж байна. Бага байхад нь хүүхдийнхээ өмнө хэрүүл маргаан хийх, гэр бүлийн тогтворгүй харилцаатай байх нь хүүхдэд шууд нөлөөлнө.

Мөн 90-ээд оны сүүлээс эхлэн эмэгтэй хүн л өндөр боловсрол эзэмших хэрэгтэй гэсэн нийтлэг ойлголтоос болж, эрэгтэй хүмүүсийн амьдрах ухааны боловсрол багассан. Үүнээс шалтгаалан бүсгүйчүүд эрх мэдэлтэй, мөнгө санхүүгийн эрх чөлөөтэй болж, харилцааны тэгш байдал алдагдаж эхэлсэн.

Сүүлийн үеийн залуучууд өнгөн талын материаллаг зүйлд хэт анхаарлаа хандуулж сонголтоо хийдэг болсон нь ч мөн салалтад нөлөөлж байна. Энэ нь бас л сэтгэлийн боловсрол байхгүйтэй шууд хамааралтай. Гэр бүл салалтыг бууруулахын тулд соён гэгээрүүлэх, гэр бүлийн боловсрол олгох тал дээр маш сайн ажиллах хэрэгтэй.

-Залуучууд яг ямар үед өөрийгөө гэр бүл зохиоход бэлэн гэж үзэх вэ. Нас болон төлөвшлийн хувьд?

-Дээр хэлсэнчлэн эцэг, эхтэй л хамааралтай. Багаасаа хайр мэдэрч өссөн, гэр бүлийн боловсролыг харж, мэдэж өссөн хүмүүс хэзээ, яаж гэдгээ гэр бүл зохиохоо мэддэг. Аав нь ээжийг нь хайрлаж, ээж нь аавыг нь хайрлаж, нэг нэгнээ хүндэтгэж байгааг харж өссөн хүүхэд 18-тай ч бай, 20,30-тай ч бай хүнийг яаж хайрлахыг мэддэг. Хайрыг заалгасан хүмүүс гэсэн үг шүү дээ. Тиймээс "Хосууд салахгүй байгаач ээ. Хүүхдийн дэргэд бүү хэрүүл хий. Хайрлана гэдэг чинь ийм гоё" гэдгийг мэдрүүлж өсгөх нь чухал.

Хүмүүс ихэвчлэн нэгнээ таниагүй байхдаа гэр бүл болдог. Гэр бүл болсны дараа "Миний нөхрийн, эхнэрийн тийм зүйлүүд нь таалагдахгүй байна" гэж орж ирдэг. "Чи өөрөө ямар хүн хүсэж байгаа юм. Хоол сайн хийдэг хүн хүсэж байвал үерхэхээсээ өмнө хоол хийлгүүлээд үз. Хэрэв бэлгийн боловсролтой хүнтэй гэрлэхийг хүсэж байвал тэрийг нь сайн судалж ярилц. Дараа нь үерх" гэдэг зөвлөгөөг би өгдөг. Нэгнийгээ таньж мэдээгүй байхдаа хүүхэдтэй болоод салаад хүүхэд дунд хохирч үлдэнэ гэдэг маш буруу.

Бид дандаа салалтын талаар яриад байж болохгүй. Монголын гэр бүлийн 30-аас 40 хувь нь 50,60 жил тууштай амьдарч байгаа гайхалтай гэр бүлүүд бий. Тэдний зөвлөгөө туршлагаас ч судлах хэрэгтэй. Тэд тууштай, хайрандаа үнэнч, харилцан бие биенээ ойлгож чаддаг учраас олон жил хамт амьдарсан. Тиймээс массыг хамарсан гэр бүлийн боловсрол Монгол Улсад хэрэгтэй байна.

"Хэцүү... Энэ хорвоо дээрх бүх харилцаанаас хамгийн ХЭЦҮҮ нь ХАЙР"

-Гэр бүл судлаачид хүмүүс хэр их ханддаг вэ. Ихэвчлэн гэр бүлийн үл ойлголцолтой үедээ ханддаг уу. Эсхүл гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс ханддаг уу?

-Ер нь бол гэр бүлээ аль хэдийн цуцлуулчихсан. Гэмшсэн, харамссан, үр хүүхэд нь буруу зам руу орсон хүмүүс ихэвчлэн ханддаг. Энэ хүмүүс дахин алдахгүйн тулд хоёр дахь гэр бүлээ зохиох хүсэлтэй байдаг. Нөгөө талаас гэр бүлийн хүнтэйгээ үл ойлголцолтой олон жил шийдэж чадахгүй хүмүүс ирж зөвлөгөө авдаг.

Хүн 18 наснаас эхлээд бүх л амьдралынхаа турш хайрлах, хайрлуулах эрхтэй байдаг. Өөрөө хайрыг олж авахын тулд түүнийг хайрла. Өөрөө хүсдэг сайн сайхан зүйлийг түүнд өг. Ингэснээрээ та хайрыг олж авна. Зүгээр "Чи намайг гоё биетэй, хөөрхөн болохоор хайрла" гэдэг ойлголт маш буруу. Хэцүү... Энэ хорвоо дээрх бүх харилцаанаас хамгийн хэцүү нь хайр. Дайнд явахаас ч хэцүү. Ажил хийхээс ч хэцүү.

-Гэр бүлийн харилцаанд баримтлах ёстой зарчим гэж бий юу?

-Байлгүй яахав. Нэг хүн болохын төлөө гэрлэсэн гэж ойлгоход болно. Энэ хүн би шүү дээ. Би өөрийнхөө сонсох дуртай үгийг л түүнд хэлэх хэрэгтэй. Түүнээс биш хэнд ч хэлэхгүй муу үгийг эхнэртээ, нөхөртөө хэлчихээд дараа нь хайртай гэж хэлж болохгүй. Энэ бол харилцааны маш муу хэлбэр.

Эхнэр, нөхөр сална гэж бодож байвал хэрэлдэхгүйгээр салж болно. Харин салахгүй гэж бодож байвал маргаашийнхаа орон зайг үлдээ. Үл ойлголцох явцдаа түүний аав, ээжийнх нь талаар бүү муу үг хэл. Түний эмзэг зүйл, сэдвээр нь маргалдах хэрэггүй. Мөн маш үнэнч, хайрандаа итгэлтэй байх ёстой. Одоо үед итгэлийг маш хурдан алдаж байгаа. Гэр бүл салалтын бас нэгэн шалтгаан итгэл шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.

Улаанбаатарт 8 хэмийн дулаан, бороо орохгүй
Улаанбаатарт 8 хэмийн дулаан, бороо орохгүй
 
“Харуул Алтай“ хотхоноос Да хүрээ хүртэлх замыг өнөөдөр 22:00 цагт хааж, засварын ажлыг эхлүүлнэ
“Харуул Алтай“ хотхоноос Да хүрээ хүртэлх замыг өнөөдөр 22:00 цагт хааж, засварын ажлыг эхлүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.