Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Одонтуяа: Би залуучууддаа итгэх ёстой. Нэр дэвшигчдийн хэн нь ч ялсан бай АЭХ-г нэр төртэй авч явж чадна

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
10 минут 55 секунд

“Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо” ирэх Даваа гарагт дээд чуулганаа хуралдуулж, холбооны шинэ Ерөнхийлөгчөө сонгох гэж буй. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Одонтуяатай ярилцлаа. Түүний хувьд 2016 оноос хойш холбооны Ерөнхийлөгчөөр ажилласан бөгөөд холбооны тэргүүнд дахин нэр дэвшихгүй, залуу үеэ дэмжинэ гэх байр суурийг илэрхийлээд буй юм.

-Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дээд чуулган болоход хэдхэн хоног үлдсэн байна. Одоогийн тэргүүний хувиар одоо ямар ажилд төвлөрч байна вэ?

-Миний бие 2016 оноос хойш Монголын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгчийн албыг хашиж байна. Бид зургаадугаар Их хурлаа хийх, холбооны шинэ Ерөнхийлөгчийг сонгох гэж байгаа. Энэ нь зүгээр л нэг байгууллагын даргыг сонгох гэж байгаа явдал биш. Монгол Улсад ардчилал хэрхэн биежих, хамгаалагдах ёстой вэ, хүний эрхийг хэрхэн хангах вэ гэдэг асуудлаас гадна байгалийн баялгийг иргэдэд хүртээх, өнөөгийн нийгэмд үүрлэсэн авлига хээл хахуулийг яаж таслах зогсоох вэ зэрэг олон чухал асуудлуудад эмэгтэйчүүд дуугарахгүй бол эмэгтэйчүүд бидний ачаа хөнгөрөхгүй байна. Өмнө нь бидний үр хүүхэд ажил хөдөлмөр хийхээр гадагшаа явдаг байсан бол одоо эрүүл аюулгүй орчинд амьдрахаар гэр бүлээрээ шахуу эх орноосоо дайжиж байна. Эдгээр нь нэг байгууллагын аль эсвэл нэг гэр бүлийн л асуудал биш. Тиймээс л ардчиллын бүсгүйчүүд хүчтэй дуу хоолой болж нийгмээ өөрчлөх ёстой.

-Таны хувьд холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй, шинэ залуу үеэ дэмжинэ гэж мэдэгдсэн шүү дээ?

-Тиймээ. Надад сонгуулийн дараа ажлаа өгсөн нь зөв байх гэсэн хүсэлтүүд ирсэн. Гэхдээ би энэ цаг үед шинэ залуу улс төрчид сонгуульд манлайлан оролцох нь зүйтэй гэж үзэж байгаа. Ер нь манай нам шинэ залуу үеэ дэмждэггүй, бойжуулдаггүй байдаг л хэдэн улс төрчид нь мөнхөд байдаг хэмээх шүүмжлэлтэй их нүүр тулдаг. Энэ шүүмжлэлийг бид сонсох ёстой.

Манайд бэлтгэгдсэн манлайлагч чадвартай бүсгүйчүүд байгаа. Иймээс би ч залуучууддаа итгэх ёстой. Ачааг нь үүрүүлж, хариуцлагыг нь ухамсарлуулахад туслах ёстой гэж бодож байна. Нэр дэвшигч эмэгтэйчүүдээс хэн нь ч ялсан бай энэ байгуулагыг нэр төртэй авч явж чадна гэдэгт би итгэлтэй байгаа.

-2016 оноос хойш гэж үзвэл та 7 жил намын дэргэдэх холбоог удирдсан байна. Холбооны удирдлагаар сонгогдож байх үедээ та намын эмэгтэйчүүдийн дуу хоолойг бодлогын түвшинд хүргэж ажиллахад анхаарна хэмээн илэрхийлж байсан?

-Миний хувьд ажлаа өгөх бас нэг шалтгаан нь бид олон жил зорьсон шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих, квотыг бий болгох, жагсаалтад эмэгтэйчүүд хойшоо жагсдаг бус 1х1 харьцаагаар ордог асуудлыг хуульчилж чадсан явдал. Энэ бол бидний хувьд маш том амжилт. Эмэгтэйчүүддээ боломжийг нь нээлээ. Одоо эмэгтэйчүүд маань өөрсдөө шинэ цагийн аясад тохируулан шинэ манлайллаар боломжоо ашиглах ёстой.

-Хуучин цагт эмэгтэйчүүдийн оролцоо гээд ярихад дарга болох гэсэн хэдэн эмэгтэйчүүд л гэж хардаг байсан-

-Өнгөрсөн хугацаанд ямар ажлуудыг хийж хэрэгжүүлэв?

-Манай нам сонгуулийн дараа дотроо хагаралдан, хэд хэдэн тийш бутарч, намын дэргэдэх байтугай нам өөрөө ажиллах боломжгүй болсон. Энэ нөхцөл байдал бидний ажилд ихээхэн хүндрэлийг бий болгосон. Одоо нам маань дотооддоо учир зүйгээ ололцож, бүтцээрээ ажиллаж эхэлсэн. Энэ нь бидний үйл ажиллагаанд ч чухал эерэг нөлөө үзүүлж байна. Шинэ бүтцээр залуус маань ажиллаад явж чадна. Эв нэгдэлгүй байснаас шалтгаалан ямар нэгэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гэхэд дарга нь мөн, биш гэх асуудал хүртэл гарч байсан шүү дээ.

Өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахал болж, хоорондоо уулзалдах нь бүү хэл цуглах ч боломжгүй нөхцөл байдал байлаа. Үүний хажуугаар том ололтууд ч бидэнд байсан. Тухайлбал, НҮБ-ын дэмжлэгээр 30*300 сургалтыг улс орон даяар хийсэн. Аймаг, дүүргүүдээс нэр дэвшиж, улс төрд орох гэж байгаа бүсгүйчүүдэд тусгайлан олон өдрийн хөтөлбөрийг хүргэсэн. Энэ сургалт ирэх сонгуульд амжилттай оролцоход том гишгүүр болж өгнө гэж үзэж байна. Мөн хамгийн чухал ажил бол Үндсэн хуулийн болон Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлт байлаа. Бид цаашид 30 хувь гэх өөрчлөлтийг 40 хувьд хүргэх, нам дотроо жендерийн харьцааг хадгалах гэх мэт олон зүйлийг хийхээр зорьж байна.

-Ер нь бодлогын түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих хандлага хэр өөрчлөгдсөн байна?

-Энэ тал дээр нийгмийн чиг хандлага өөр болсонд би их баярлаж байна. Хуучин цагт эмэгтэйчүүдийн оролцоо гээд ярихад манайхан нам дотроо ч, бусад намууд ч дэмждэггүй байсан. Дарга болох гэсэн хэдэн эмэгтэйчүүд л гэж хардаг байсан. Нийгмийн чиг хандлага маш өөр болсон байна. Эмэгтэйчүүдээ дэмжих хэрэгтэй, квот 30 биш 40 хувь ч байх ёстой, жагсаалтад эмэгтэйчүүдийг оруулъя зэргээр дэмжиж, улс төрийн намууд ч энэ чиглэлд үүрэг авч байна. Улс төрийн намын тухай хуулиар эмэгтэй нэр дэвшигчдийг дэмжсэн намд улсын төсвөөс санхүүжилт хүртэл өгөх гэж байна. Энэ нь маш чухал шинэчлэл болсон. Би хууль эрх зүйн орчинд сэтгэл хангалуун байна.

-АН-ын гишүүн л бол АЭХ-ны Ерөнхийлөгчийн албанд нэр дэвших эрх нь бүрэн нээлттэй-

-Олон жил холбоог авч явсан хүний хувьд дараагийн Ерөнхийлөгчийг ямар бодлого барьж ажиллаасай гэж та бодож байна вэ. Нөгөөтэйгүүр шинэ Ерөнхийлөгч цаашид ямар ажлыг үргэлжлүүлэх ёстой гэж харж байна?

-Миний хувьд эв нэгдлийг эрхэмлэх эмэгтэй Ерөнхийлөгч болоосой гэж бодож байна. Манай намын хэцүү асуудлуудын нэг бол эв нэгдэл. Эрчүүд маань байсхийгээд л түнжин хагарах явдал бий. Тиймээс манай намын хувьд эв нэгдлийг эмэгтэйчүүд л эрхэмлэж, хангах ёстой. Мөн ардчиллын төлөөх эмэгтэйчүүдийн хүчийг нэгтгэх ёстой. Би зөвхөн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дарга гэж өөрийгөө бодох биш Монгол Улсын хэмжээнд ардчиллын төлөө байгаа, нам бус эмэгтэйчүүдийн хүчийг нэгтгэж, оролцоог нь хангах, бүрэн дүүрэн байлгах хэрэгтэй вэ гэдэг дээр ажиллах ёстой. Нэг үеэ бодвол хууль эрх зүйн орчинг таатай болгох зорилгоо бид биелүүлээд явж байна.

Боломж нь байхад ялагдахаар хүн дэвшүүлбэл эрэгтэйчүүдэд л суудлаа алдана гэсэн үг. Тиймээс эмэгтэйчүүдээ чадавхжуулах чухал. Маш богино хугацаанд бүх хүчээ дайчилж эмэгтэйчүүдээ чадавхжуулах ажилд онцгой анхаарал хандуулах ёстой.

-Намууд жагсаалтад авлига, албан тушаалын хэрэгт холбоотой хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй гэх бодлого барьж буй. Намын дэргэдэх байгууллагын хувьд Ерөнхийлөгчид нэр дэвших хүмүүстээ энэ мэтээр шалгуур тавих уу. Нэр дэвшигчид дунд тухайлбал, хуулийн байгууллагад шалгагдаж буй А.Адьяасүрэн гишүүн багтсан байна лээ?

-Сөрөг хүчний лидерүүдээс ч тэр, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдээс ч тэр хэрэг төвөгт шалгагдаагүй хүн бараг л байхгүй. Бүгдэд нь л нэр хоч зүүж байдаг. Тэгэхээр шүүхийн эцсийн шийдвэр гараагүй үед бид хэнийг ч яллаж, гэм буруутайд тооцож болохгүй. АН-ын гишүүн л бол Ерөнхийлөгчийн албанд нэр дэвших эрх нь бүрэн нээлттэй. Сөрөг хүчин маань хэцүү цаг үед амьдарч байна шүү дээ. Үг хэлж, үзэл бодлоо илэрхийлвэл шийтгүүлдэг, хориулдаг, ял авдаг амаргүй нийгэмд амьдарч байна.

-Би АЭХ-ны ажлаа өгсөн ч намынхаа эмэгтэйчүүдийн төлөө өдөр, шөнөгүй л дэмжиж ажиллана-

-Та цаашид Ерөнхийлөгчөөр томилогдох хүнтэйгээ хэрхэн баг болж ажиллах вэ?

-Би Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ажлаа өгсөн ч намынхаа эмэгтэйчүүдийн төлөө болоод байгууллагуудынхаа төлөө өдөр шөнөгүй л ажиллана. Дэмжиж туслаад баг болж ажиллана. Миний өмнөх улс төрд явсан туршлагаас харахад надад ямар ч хүнтэй баг болж ажиллах чадвар суусан гэж харж байна. Тиймээс энэ тал дээр ямар ч асуудал байхгүй. Аль болох дэмжинэ. УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүний хувиар намаа л дэмжиж, дараагийн сонгуульд ялуулахын төлөө хүчээ дайчилж ажиллана. Хууль батлахад оролцсон хүн учраас эргээгээд эрчүүдээс ам асуулгахгүйн тулд би эмэгтэйчүүд маань мундаг, та бүхний итгэлийг алдалгүйгээр ялалт байгуулсан гэх үгийг хэлчихээд л сууж байхын төлөө ажиллана.

-Ярилцсанд баярлалаа.

СУРВАЛЖИЛГА: Би ХӨӨРХӨН
СУРВАЛЖИЛГА: Би ХӨӨРХӨН
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.