Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шүүгчдийн нэрэмжит шагналын эзэн Т.Хулан: “Сычуаны сайн хүн“ жүжиг миний ШҮҮСИЙГ шахсан бүтээл

Ангилал
Нийгэм Бусад
Огноо
Унших
9 минут 6 секунд

Драмын урлагийн шилдэг бүтээл, шилдэг уран бүтээлчийг шалгаруулах "Гэгээн Муза-17" олон улсын театрын наадам өнгөрсөн долоо хоногт болсон. Тус наадамд "Хөөрхөн Хулан" нэрээрээ олонд танигдсан жүжигчин Т. Хулан "Сычуаны сайн хүн" жүжгээрээ шүүгчдийн нэрэмжит шагнал хүртсэн билээ.

Тэрбээр 8 жилийн турш драмын тайзнаас холдож завсарлага авсан ч эргэн УДЭТ-ын гишүүн болоод хоёр жил болж байна. Энэ хугацаанд Германы сонгодог зохиолч Бертольт Брехтийн “ Сычуаны сайн хүн “ жүжигт гол дүрийг бүтээснээрээ яах аргагүй драмын тайзнаа байх хүн мөн гэдгээ баталсан.

Тэгвэл жүжигчин бүсгүй дараагийн дэлгэцийн уран бүтээл болох "Эмэгтэйн Кейс" уран сайхны киногоороо үзэгчидтэйгээ уулзахад бэлэн болжээ.

-Юуны түрүүнд баяр хүргэе. Гэгээн муза наадмаас "Шүүгчдийн нэрэмжит" шагнал авсан баяртай мэдээгээр үзэгчидтэйгээ уулзаж байна шүү дээ. Сэтгэгдлээ хуваалцаач?

-Маш их баярлалаа. "Сычуаны сайн хүн" жүжиг маань хамгийн гол нь уран бүтээлчдээ хөгжүүлэх зорилготой байсан боловч өнгөрсөн жилийн хамгийн шилдэг жүжиг болж, "Гэгээн Муза" наадмаас Гранпри шагнал хүртсэнд би болон манай багийн уран бүтээлчид маш их баяртай байгаа.

-Таныг драмын театраас 8 жилийн хугацаанд завсарлага аваад эргээд тайзнаа гарч ирж байгаагаар нь хүмүүс их мэдэж байгаа. Энэ хугацаанд тайзаа их санасан байх?

-Тэгэлгүй яахав. УДЭТ-ын тайзаа маш их санасан. 8 жилийн хугацаанд театртаа ажиллаагүй ч гэсэн өөртөө хөрөнгө оруулалт хийсэн гэж боддог. Энэ хугацаанд бага хүүгээ төрүүлсэн. Мөн хувийн уран бүтээлдээ илүү анхаарч, кино продюсерлэж үзсэн. Мөн нөхөртэйгөө хамтарч уран бүтээл хийж, гэр бүлийн бизнестээ илүү анхаарсан гэж хэлж болно. Одоо театртаа эргэж ороод 2 жил болох гэж байна.

"Сычуаны сайн хүн жүжгийн бэлтгэлийн үеэр 7 кг жин хассан. Маш их эрч хүч шаардсан дүр байсан"

-"Сычуаны сайн хүн" жүжгийн дүр дээр үзэгчдийн зүгээс их олон магтаал сайшаалыг хүртсэн гэж бодож байна. Дүр дээр ажиллахад ямар хүндрэл гарсан бэ. Хэрхэн даван туулсан бэ?

-"Сычуаны сайн хүн" жүжигт дүрийн хувьд бүтэн 3 цагийн турш эрэгтэй, эмэгтэй болж жүжгийг авч явдаг. Энэ дүр дээр ажилласнаараа маш их зүйлийг сурч, мэдэж авсан гэж хэлж болно. Жүжгийн бэлтгэлийг 2 сарын турш хийсэн. Энэ үеэр найруулагч маань 7кг хассан. Би өөрөө бас 7 кг хассан. Маш их эрч хүч шаардсан шүүсийг маань шавхсан дүрийг найруулагч Э.Ёндоншарав маань надад өгсөн.

Бэлтгэлийн үеэр эрэгтэй болж гарчихаад дараагийн үзэгдэл дээр эмэгтэй болох ёстой ч мартаад эрэгтэй дүрээрээ гарч ирэх гэх мэт олон хөгтэй явдлууд тохиолдож байсан.

-Ингээд харахад сүүлийн үед та тайз дэлгэцийн бүтээлийг хослуулан ажиллаж байгаа харагдаж байна. Тун удахгүй таны гол дүр бүтээсэн "Эмэгтэй кейс" УСК нээлтээ хийх гэж байна. Киноныхоо талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Би сүүлийн 2,3 жилийн турш нийгэмд байгаа хүчирхийллийн эсрэг уран бүтээл хийх юмсан гэж бодож байсан. Тэгээд нөхөртөө санаагаа хэлээд зохиолыг нь бичээд өгөөч гэх саналыг тавьсан. Бодож явснаа гүйцээхийн тулд өөрөө гол дүр дээр нь ажилласан. Мөн "Эмэгтэйн кейс" УСК миний 4 дэх продюсерлэсэн уран бүтээл болсон. Яг бодит эмэгтэйчүүдийн кейс буюу баримтад тулгуурлаж бүтсэн кино учраас уг нэрийг өгсөн.

-Хүмүүс нөхрийнхөө кинонд л их тоголдог гэх шүүмжийг хэлж байна. Энэ нь өрөөсгөл ойлголт шүү гээд та цахим хуудаснаа нийтэлсэн байсан?

-Би гэр бүлийн хүнтэйгээ 5,6 жилдээ нэг удаа хамтарч кино хийдэг. Бусад үеүдээд өөр өөр жүжигчид, найруулагчтай хамтраад тус тусын уран бүтээлээ хийдэг. Би өөрөө мэргэжлийн хүн. Манай нөхөр ч бас мэргэжлийн хүн. Хамтраад санаагаа нэгтгээд ажилладаг. Ямар уран бүтээлд дүр бүтээх нь миний эрх шүү дээ. Түүнээс би заавал Д.Галбаярын кинонд тоглоно гээд эсвэл манай нөхөр намайг л кинондоо тоглуулна гээд байдаг зүйл огт байдаггүй. Миний хамгийн анхны продюсерлэж байсан кино бол "Шуугиан таригч" гэх кино байгаа. Маш сайн кино болсон гэж олон хүмүүс хэлдэг. Энэ мэтчилэн нөхрийнхөө кинонд дүр бүтээхээс илүү арын албанд ажиллаж байсан үе их бий.

"Эмэгтэйн кейс" УСК-ны дүр сонголт дээр хэрхэн анхаарч ажилласан бэ. Кино багийн гишүүдийг дурдвал?

-Манай кино баг 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажилласан. Гол дүрд манай ангийн залуу болох Т.Бархүү, мөн МУГЖ А.Цэгмид эгч, ойрд дэлгэцийн уран бүтээлд тоглоогүй жүжигчин О.Долгор маань хүртэл "Эмэгтэйн кейс" кинонд дүр бүтээсэн.

Сүүлийн үед жүжигчний мэргэжил үнэ цэнээ алдаж байгаа юм шиг санагдах болсон. Хэн дуртай нь жүжиглэх боломжтой болсон юм шиг... Би өөрийнхөө уран бүтээлд ч мэргэжлийн бус хүнийг тоглуулж байсан тохиолдол маш ховор. Жүжигчин хүн бүтээж байгаа дүр болгоноосоо шинэ зүйл сурч байдаг. " Сычуаны сайн хүн" жүжгээс ч тэр "Эмэгтэйн кейс" киноноос тэр олон зүйлийг сурч мэдэж ажиллаж байна.

"Эмэгтэйн кейс" киноны хамгийн хэцүү зураг авалт нь борооны сцень байсан. Зурагтаар хархад их энгийн юм шиг хэрнээ начир дээрээ гүний худгийн усыг зураг авалтдаа ашигласан.

-Багшийн минь хэлсэн "Хуландаа БАЯРЛАЛАА" гэдэг үг намайг жүжигчин болгосон-

-Та СУИС-д оюутан байхдаа шантрах тохиодол их байсан гэж хэлж байсан. Тухайн үед хэрхэн даван туулсан бэ? Одоогийн Т.Хулан жүжигчинг бүтээхэд юу илүү хүч, урам өгч бэ?

- Манай ээж жүжигчин мэргэжлээр төгссөн. Гэвч мэргэжлээрээ ажиллаж байгаагүй. Тиймээс ээжийнхээ мэргэжлийн үргэлжлэл болж би энэ мэргэжлийг сонгосон. Тухайн үед гэр бүлийхэн маань их эсэргүүцсэн. Би өөр сургуульд шалгалт өгнө гэж худлаа хэлээд СУИС-д шалгалт өгөөд элссэн.

Хоёрдугаар дамжаанд байхад бид нар сургууль дээрээ орой болтол бэлтгэл хийдэг байлаа. Тухайн үед манай гэрийхэн "чи юу хийгээд яваад байна. Их хэцүү мэргэжил юм биш үү" гэж хэлдэг байсан болохоор жүжигчнээр сурхаа болъё гэж бодож эхэлсэн. Гэвч гуравдугаар дамжаанд дипломын жүжгийн бэлтгэл эхлээд багшдаа шалгуулж дууссаны дараа багш маань ангийхан дунд "Хуландаа баярлалаа" гэж хэлсэн. Тэр надад маш гайхалтай том урам болсон. Багшийн маань хэлсэн тэр үг намайг жүжигчин болгосон. Тиймээс одоо жүжигчнээр сураад шантарч байгаа эсвэл мэргэжлээрээ ажиллаж чадахгүй байгаа хүн байвал хэзээ ч битгий ухраарай. Хэн нэгэн чамайг "Чаднаа" гэж хэлсэн л бол зорилгодоо хүрэхийн тулд тууштай тэмцээрэй.

Эцэст нь хэлэхэд үзэгч та бүгдийг аравдугаар сарын 13-нд болох "Эмэгтэйн кейс" УСК-ны нээлтэд хүрэлцэн ирэхийг урьж байна. Манай киног үзсэнээрээ яг юу илэрхийлэх гээд байгааг ойлгож нэгийг ухааран гарна гэдэгт итгэлтэй байна.

-Ярилцсанд баярлалаа

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын хэргийг шүүхэд шилжүүллээ
Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын хэргийг шүүхэд шилжүүллээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.