Иргэд рүү хутга барин дайрсан иргэнийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа талаар бид мэдээлсэн. Тухайн этгээд өмнө нь дөрвөн удаагийн гэмт хэрэгт шүүхээс ял шийтгэгдэж байсан 31 настай О гэгч байсан бөгөөд урьдчилсан байдлаар, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, "Цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 11 цаг 15 минутад Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, “Гурван гал эмнэлэгт хутгалуулсан хүн орж ирлээ” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад 28 настай, эрэгтэй “С” болон 34 настай, эрэгтэй “А” нарын биед 31 настай, эрэгтэй “О” гэгч нь тус бүр 2-3 удаа мэсээр халдаж зугтсан байна. Цагдаагийн алба хаагчид “О” гэгчийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон баривчилсан бөгөөд уг этгээд нь дөрвөн удаагийн гэмт хэрэгт шүүхээс ял шийтгэгдэж байсан байна. Урьдчилсан байдлаар дээрх этгээдүүд нь биесээ таньдаг бөгөөд өр, зээлийн асуудлаас болсон гэж мэдүүлж байгаа хэдий ч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байна" гэлээ.