УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгааны үеэр цахим сүлжээнд Сүнээ нэрээр танигдсан Б.Сүндаръяа гэх эмэгтэйн нэр хүндэд халдсан гүтгэлэг, сөрөг мэдээллүүд ихээр гарсан билээ. Эдгээр ташаа мэдээлэл, гүтгэлэгт тайлбар хийж, фейсбүүк хуудаснаа дараах бичлэгийг нийтэлжээ.
Тэрээр энэхүү бичлэгтээ “Түнэр харанхуйг зүхэхийн оронд ганц ч болтугай лаа асаа гэх үг байдаг. Энэ үг надад урам зориг өгч, энэ бичлэгийг хийх хүчийг өгсөн юм. Миний бие хэдхэн хоногийн өмнө хагалгаанд орсон учраас биеэ тэнхрүүлэхийн тулд тодорхой хугацаа өнгөрлөө. Гэвч миний сэтгэлийн гүнд айдас, шаналал байгаа хэдий ч жилийн хугацаанд явсан маш олон эргэлзээтэй асуулт, гүжир гүтгэлэг, доромжлолд цэг тавихаар энэ бичлэгийг хийж байна.
Намайг бүтэн жилийн хугацаанд маш ихээр доромжилж гүтгэлээ. Энэ бүх зүйл худал. Би өөрийнхөө амаар, биеэр хэлье. Энэ бүгд худал. Намайг “Хятад хүн”, “Төрийн өндөрлөгүүдтэй дотно харилцаатай байдаг” зэргээр өөрт маань төдийгүй гэр бүл, үр удам руу минь дайрч, давшилж байна.
Миний төрийн өндөрлөгүүдтэй хамт авахуулсан олон зургийг ашиглаж тэдгээр хүмүүстэй дотно харилцаатай байдаг зэргээр гүтгэж байна. Би яагаад залуу, гоо үзэсгэлэнтэй байсныхаа төлөө, амжилттай байсныхаа төлөө гүтгүүлэх ёстой гэж. Энэ нь зөвхөн Сүнээг харлуулж харуулаад байгаа биш. Та балчир мянга, мянган охидын ирээдүйн нийгмийг бохирдуулж, муухай болгож болдог юм байна гэх нийгмийг бүү үлдээгээрэй.
Сонгууль бүрээр нэг эмэгтэйг золиосонд гаргадаг. Өрсөлдөгчөө харлуулахын тулд олон хүмүүсийн үнэт зүйл, гэр бүл рүү давшилж, нууц амраг нь болгож хувиргаж байна. Энэ бол байж болшгүй асуудал. Тиймээс бид бүгдээрээ энэ асуудалд цэг тавья. Дахиад нэг ч эмэгтэй энэ зүйлийн золиосонд битгий яваасай гэж хүсэж байна. Үүнийг дааж чаддаг нэгэн нь байхад, чадахгүй хэчнээн хүмүүс, хүүхдүүд байгаа бол гэдгийг бодоод үзээрэй
Эцэст нь хэлэхэд, яг одоо нийгэмд бий болсон хар бараан уур амьсгал, нэгнийгээ харааж, зүхдэг, ам дамжсан яриагаар гүтгэдэг, итгэдэг зүйлсийг үгүй хийхийн төлөө би эцсээ хүртэл хичээнэ. Баярлалаа” гэв.