Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүнсний инженер О.Гал-Очир: Хүнс гэсэн тодорхойлолтод АРХИ багтдаггүй. Гэтэл хүнсний дэлгүүрүүдэд архи худалдаалагдах нь утгагүй зүйл

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
12 минут 46 секунд

Монголын хүнс үйлдвэрлэлийн стандарт, иргэдийн хүнсний талаарх түгээмэл буруу ойлголт, үйлдвэрлэгч компаниудын бүтээгдэхүүн сурталчлахдаа гаргадаг алдаануудын талаар Хүнсний технологич, инженер О.Гал-Очиртой ярилцлаа.

-Юуны өмнө уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг О.Гал-Очир гэдэг. Хүнсний технологич, инженер мэргэжилтэй. Мэргэжлээрээ ажиллахын хажуугаар иргэдэд хүнсний хэрэглэгчийн боловсрол олгох чиглэлээр “Хүнсний инженер” пэйж болон “Шинэ зууны хүнс-Хүнсний инженер” бүлэг хөтөлдөг. Пэйж хуудсаараа хүнсийг зөв ойлгох мөн хүнсийг буруугаар ойлгож туйлширсан байдал дээр тайлбар, нийтлэл бичиж хүргэдэг.

Бид өдөр тутамдаа цэвэршүүлсэн ус ууж байна. Энэ нь эрдсээ алдаж байна гэсэн үг

-Монголын хүнс үйлдвэрлэлийн стандартыг манай улсын хүнс үйлдвэрлэлийн байгууллагууд хэрхэн дагаж мөрдөж байна гэж та хардаг вэ?

-Ер нь стандартгүй зүйл гэж байхгүй. Хүнсний үйлдвэрийн шинжилгээний арга, дотоодод үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний эрүүл ахуйн дүрэм ч стандарттай. Тухайн стандарт мөрдөгдөж байна уу, мөрдөгдөхгүй яваад байна уу гэдэг өөр хэрэг.

Энэ тал дээр хяналт, шалгалт тавих шаардлагатай. Түүнээс стандарт гэдгийг бүтээгдэхүүний шошго дээр тавих үсэг, сурталчилгаанд хэрэгтэй зүйл гэж ойлгож огт болохгүй. Жишээлбэл, Монгол Улсын ундны усны техникийн ерөнхий шаардлага стандарт байдаг. Үүнээс гадна савласан усны стандарт гэж тусдаа бий.

Монголчууд крантны усаа л уудаг байлаа шүү дээ. Одоо олон нийтийн үйлдвэрүүд хөгжсөнөөр иргэд шүүсэн, цэвэршүүлсэн ус хэрэглэдэг болсон. Усыг цэвэршүүлж, шүүснээр ямар ч эрдэсгүй болж байна гэсэн үг. Гадуур явахаараа савтай цэвэр ус ууна, ажил дээрээ очоод баллонтой ус хэрэглэнэ. Гэрийнхээ крантад шүүлтүүр холбочихно. Бидний уснаас авах ганц хэрэгцээ бол эрдэс. Гэтэл өнөө үед эрдсээ уснаас авна гэдэг бэрх болоод байна.

Хийжүүлсэн ундаа уувал яс сийрэгжинэ гэдэгтэй адил эрдэсгүй ус хэрэглэж биеэсээ эрдсийг хөөгөөд байвал ус уугаад ч эрдсээ нөхөж чадахгүйгээр алдаж л байгаа хэрэг. Тиймээс зөвхөн хийжүүлсэн ундаанаас болж яс сийрэгжинэ гэдэг нь хэт нэг талыг барьсан өрөөсгөл ойлголт. Үйлдвэрлэж байгаа үйл явцыг нь харвал усаа цэвэршүүлж шүүчхээд шууд савлаж байгаа нь MNS 5007:22000 стандартаар хүлээн зөвшөөрөгдөөд байна. Учир нь стандарт дээр нь эрдсийн хэмжээ тэдээс тэдийн хооронд байх ёстой гэж заагаагүй. Харин тэдээс бага гээд заачихсан. Хэрвээ эрдсийн хэмжээ 5мг-аас бага байна гээд заачихсан байвал 0мг байсан ч хүлээн зөвшөөрөгдөж байгаа юм. Энэ мэтчилэн эргэж харах шаардлагатай стандартууд цөөнгүй байна.

-Түүнээс гадна таны хувьд хаяг, шошгон дээрх стандартыг мөн шүүмжилдэг шүү дээ. Тэгэхээр хаяг, шошгонд хүртэл өөрийн гэсэн стандартын шаардлага байдаг юм байна тийм үү?

-Хүнсний бүтээгдэхүүний хаяг шошгод тавигдах MNS 6648:2016 гэсэн стандарт байдаг. Хүнсний бүтээгдэхүүний шошго гэдэг нь өөрөө тухайн бүтээгдэхүүн хүний биед ямар ашигтай, хэрэгцээтэй мөн биед үзүүлэх сөрөг нөлөө, ямар аюул учирч болзошгүй вэ гэдэг мэдээллийг авах ёстой ганц талбар байдаг. Түүнээс өөрөөр тухайн бүтээгдэхүүний мэдээллийг өөр газраас авах боломж байхгүй шүү дээ. Тиймээс тухайн бүтээгдэхүүнийг төлөөлж байгаа шошгод ямар мэдээлэл багтсан байх ёстойг энэ стандарт зохицуулж байдаг.

Энэ стандартыг мөрдөхгүй байгаа үйлдвэрүүд олон байна. Орц, найрлагын мэдээллийг дутуу оруулдаг, хаягаа заадаггүй, огноогоо буруу бичдэг. Цаашлаад харшил үүсгэгч бодисуудаа бичдэггүй, бичсэн ч хэрэглэгчдийг төөрөгдүүлээд, янз янзаар нэрлээд биччихдэг. Эдгээр нь стандарт зөрчиж байгаа л нэг хэлбэр.

Хүнс гэсэн тодорхойлолтод АРХИ багтдаггүй. Гэтэл хүнсний дэлгүүрүүдэд архи зарагдаж байна гэдэг нь утгагүй зүйл

-Та "АПУ" ХК-ийн бүтээгдэхүүний шошгын талаарх алдааг өөрийн зүгээс тайлбар хийн, нийтлэл оруулсан байсан. Энэ талаар уншигчдад мэдээлэл өгч болох уу?

-Бололгүй яах вэ. Саяхан миний бие "АПУ" ХК компанийн бүтээгдэхүүний хаяг, шошго дээр буруу тайлбар бичигдсэн байгаа талаар пэйж хуудсан дээрээ нийтлэл оруулсан. Миний хувьд нийтлэл оруулж байгаа анхны тохиолдол огт биш. Өмнө нь "Еден" ХХК, "Мон жүүс" ХХК зэрэг олон байгууллагуудын бүтээгдэхүүний хаяг, шошгын талаар бичиж нийтэлж байсан удаатай.

"АПУ" ХК компанийн хувьд онцлох бүтээгдэхүүн болох "Тэрэлж болон Сэлэнгэ" ундааны хаяг, шошго дээр нөөшлөгч бодисыг, тогтворжуулагч гэж бичсэн байсан. Тус ундааг хэрэглэгчид эмийн ургамалтай, нөөшлөгчгүй, консервантгүй, маш сайн ундаа гэж итгэж авч хэрэглэдэг шүү дээ. Гэтэл үндэсний том үйлдвэрлэгч компани хэрэглэгчдийн энэ итгэл дээр нь дөрөөлж байгаа мэт буруу тайлбар оруулна гэдэг байж болохгүй зүйл гэж бодож байна.

Мөн "АПУ" ХК архи үйлдвэрлэдэг. Архийг спиртээр хийдэг. Спиртийг улаан буудайн нүүрс усыг исгэх замаар гаргаж авсан хүнсний бус ариутгалын бодис. Монгол Улсын хүнсний тухай хуульд заахдаа хүнс гэсэн тодорхойлолтод архи гэсэн үг заагаагүй. Хүнс гэсэн тодорхойлолтод ус болон эрүүл мэндийг дэмжин хамгаалахад шаардагдах хүнсийг л багтаасан байдаг. Гэтэл архи үйлдвэрлээд, тэр нь хүнсний дэлгүүрүүдэд зарагдаж байна гэдэг утгагүй. Мэдээж архи үйлдвэрлэхийг эсэргүүцээгүй.

Мөнгийг бактерийн үйлчлэлээс сэргийлж, гадуур хэрэглэдэг. Гэтэл үүнийг ууж хэрэглэхийг зөвлөх нь маш буруу

-Мөнгөжүүлсэн ус уувал хүүхдийн ханиад, дархлааг дэмжинэ гэсэн сурталчилгаа их харагдах боллоо. Мөнгөжүүлсэн усыг амаар уух нь хэр зохистой вэ?

-Мөнгө гэдэг нь өөрөө ариутгах, бактери устгах шинж чанартай. Гэтэл усан дотор мөнгийг иод, коллоид хэлбэрээр хийчхээд, түүнийгээ ууж болно гэж сурталчлаад байна. Өөрөөр хэлбэл энэ ариутгалын бодисыг ууж, дотор эрхтнээ ариутга гэж сурталчилж байна гэсэн үг. Энэ нь хэр зөв зохистой сурталчилгаа вэ. Мөнгийг анагаах ухааны салбарт маш ихээр хэрэглэдэг. Хүмүүсийн сайн мэддэгээр шарханд түрхдэг мөнгөжүүлсэн тос байна. Мөн боолтод хэргэлдэг, шүдний янз бүрийн зэмсгүүдэд хэргэлдэг. Энэ мэтчилэн бактерийн үйлчлэлээс сэргийлж, гадуур хэрэглэдэг зүйлийг ууж хэрэглэхийг зөвлөөд байна. Ийм зүйл байж болохгүй.

-Хэрэглэгчдийн бүтээгдэхүүн сонгоход түлхэц болдог зүйл бол хаяг шошго мөн сурталчилгаа байдаг шүү дээ. Тэгэхээр бараа бүтээгдэхүүн сурталчлахдаа үйлдвэрлэгчдийн түгээмэл гаргадаг алдаа юу байдаг вэ?

-Сурталчилгаа хийхдээ бид юун дээр анхаарах хэрэгтэй, бидний бүтээгдэхүүн, шошго дээр ямар алдаа байна, энийг хянаад өгөөч гэсэн үйлдвэрлэгчид бий. Буруу байвал зөв болгоод, алдаа байвал нийлж залруулаад, хэрэглэгчдэдээ зөв мессеж, мэдээлэл өгөөд явж буй үйлдвэрлэгчид нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Гэтэл өөрийн үйлдвэрлэсэн хүнсээ зөвхөн манайх л сайн, манай бүтээгдэхүүнийг л хэрэглэвэл урт насална, манайх л эрүүл гэж сурталчилдаг газрууд ч байна. Ямар ч эрүүл зүйлийг хэтрүүлээд хэрэглэвэл хор л болдог шүү дээ. Хүнсийг муулж, хор гэж ойлгуулаад өөрсдийн бүтээгдэхүүнийг эрүүл мэндийн бүтээгдэхүүн гэж нэрлээд байгаа хүнсний бус газруудтай тэмцэх л хэрэгтэй.

Бор болон цагаан сахар нь бараг адилхан. Бор сахар нь зүгээр л түлэгдсэн сахар

-Буруу сурталчилгаанаас болоод хэрэглэгчдийн буруу ойлголттой явсаар байгаа ямар хүнсний бүтээгдэхүүн байдаг вэ?

-Манай улсын үндэсний томоохон үйлдвэрлэгч манай бүтээгдэхүүн бор сахартай, эрүүл мэндэд маш сайн гэж сурталчилж байна л даа. Яг бор сахар, цагаан сахар хоёрын харьцуулаад үзвэл цусанд нэвтрэх хурд нь адилхан, сахарозын агуулга нь бараг адилхан. Цагаан сахар нь 100 хувь цэвэршүүлсэн байхад, бор сахар нь түлэгдсэн, карамелжсэн сахрынхаа цөөн хувийг агуулж байдаг. Үүгээрээ л өнгө нь тодорхойлогдог.

Түүнээс хэрэглэх шаардлага нь ижилхэн. Гэтэл түлсэн сахрыг эрүүл мэндэд сайн гэж сурталчилж байгаа нь маш буруу зүйл. Хэрэглэгчид ч бас бор сахар сайн, цагаан сахар муу гэж ойлгох нь алдаатай ойлголт. Бор сахар сайн гэсэн гээд бор сахар ихээр хэрэглээд байвал цагаан сахартай адилхан л сахрын сөрөг үр дагавартай тулгарна шүү дээ.

Үүнээс гадна хүмүүс тосны найрлагыг маш ихээр анхаарч авч үздэг. Ханасан тос, ханаагүй тос гэж ялгахгүй ч энэ транс тос уу, энэ байгалийн гаралтай юу гэдэг талаас нь анхаарал хандуулдаг. Гэтэл тосноос жигшдэг, тосноос татгалздаг хүмүүс эргээд шоколад идчихсэн явж байдаг. Шоколад нь өөрөө маш их хэмжээний тос агуулсан, какао нунтаг, какао тос хоёрын нийлбэр. Орц, найрлага дээрээ төөрөлдөх тохиолдол үүнээс авхуулаад л маш их байна. Хүнсний нэмэлт буюу E нэмэлтүүд дээр бол андуурах, эндүүрэх зүйл ч зөндөө бий.

Хүнснээс айх, хүнснээс жигших нь нэг ёсны эмгэг. Гэтэл хүнс бол цор ганц шим бодисын цогц юм

-Эрүүл хооллолтыг эрхэмлэдэг хэрэглэгчдийн хувьд сурталчилгаанд тулгуурлан эрүүл тодотголтой бүхнийг хэрэглэх нь их тохиолддог. Ер нь эрүүл уриатай сурталчилгаа болгон үнэн байдаг болов уу?

-Хүнснээс айх, хүнсийг жигших гэдэг нь өөрөө “Орторекси” (Orthorexia) гэдэг нэртэй сэтгэцийн эмгэг юм. 1997 онд Америк улсын сэтгэцийн эмч Стивен Братман энэ эмгэгийн талаар тодорхойлсон байдаг. Тус эмгэг нь нийгэм дэх буруу мэдээлэл, буруу сурталчилгаанаас, хувь хүний эрүүл байхыг хүссэн хэт хүслээс үүсдэг.

Манай улсын хэрэглэгчид энэ эмгэгийн шинж тэмдэг ихээр илэрч байна. Юу хэрэглэвэл эрүүл байх бол, юу хэрэглэвэл хордох бол гэж үргэлж хүнснээсээ айж байдаг. Хүнс гэдэг хүмүүст өдөр тутмын энерги, эрч хүч, өсөлт, хөгжлийг нь дэмжиж байдаг цор ганц шим бодисын цогц шүү дээ. Таргалалтаас айдаг хүн бол нүүрс усаа хасаад, төрөл бүрийн дэглэм бариад эхлэхээр, эсрэгээрээ уургийн хэмжээ ихсэж, бөөрөнд ачаалал өгч асуудал үүсдэг. Тиймээс өнөө үед энэ тал дээр хувь хүн ч, эрүүл мэндийн байгууллагууд нь ч анхааралдаа авах хэрэгтэй байна.

-Ярилцсанд баярлалаа.

Д.Дөлгөөн

1.3 тэрбумын өртөгтэй “Тавантолгой-Зүүнбаян” төмөр замыг ТЭЗҮ-гүй эхлүүлсэн бөгөөд ажлын хэсгийн хурлууд Ерөнхийлөгч Х.Баттулгын өрөөнд болдог байжээ
1.3 тэрбумын өртөгтэй “Тавантолгой-Зүүнбаян” төмөр замыг ТЭЗҮ-гүй эхлүүлсэн бөгөөд ажлын хэсгийн хурлууд Ерөнхийлөгч Х.Баттулгын өрөөнд болдог байжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.