Миний мэдэхийн л эрт дээр үеэс манай Монголчуудыг хүн чанар сайтай, бие биедээ дэмтэй тустай, ээлтэй элэгтэй хэмээдэг байсансан. Харамсалтай нь, энэ яриа өнөө цагт үлгэр домогт гардаг эсхүл эртний хууч яриа мэт л болоод үлджээ. Угтаа хүн бүхэн өөр өөрийн гэсэн дотоод мөн чанар, сайхан сэтгэлтэй.
Гэвч тэрхүү сэтгэлээ энэ цагт бага ч болов гаргахаас зүрхшээдэг болсон мэт. Учир нь юу гэвэл цахим орчны хэрэглээ өндөр болсон өнөө үед хоног алгасахгүй л бие биенийхээ муу, муухай зан чанарыг илэрхийлсэн бас харуулсан видео бичлэг, бичвэр нийтлэлийг харамгүй шидлэх болж.
Хамгийн сүүлд л гэхэд "Цагдаагийн хувцастай нэгэн иргэнийг бусдад зодуулж байхад" хэн ч очиж хамгаалсангүй. Хажуугаар нь олон хүн машинтайгаа явж байгаа атал нэг нь ч болиулахыг хүссэнгүй. Зүгээр л хүмүүсийн асуудалд хошуу дүрэхээс татгалзсан байж болох. Гэтэл өнгөрсөн лхагва гарагт Өмнөговь аймагт нэгэн бүсгүй зүв зүгээр гудамжаар явж байгаад 5-6 нохойд хазуулж, аймшигтайгаар уруулсан харамсалтай үйл явдал болсон. Гэвч хажууханд нь байсан "ТОМ МАШИНТАЙ" иргэн хэнэг ч үгүй цонхоо хаагаад алга болчихсон. Магад тэр хүнд хумсын чинээхэн ч гэсэн хүн чанар байсан бол машиныхаа сигналыг ч болов дуугаргах байсан биз.
Яг энэ бичлэгийг маш олон хүн үзэж, хүний мөн чанар хаашаа алга болов хэмээн ам уралдан ярьцгааж, өнөө л бидэнд байсан сайхан сэтгэлийг бие биеэсээ эрж, хайцгааж байв. Гэхдээ хүн бүрд сонголт байдгийн адилаар бусдад туслах эсэх нь ч хувь хүний өөрийн сонголт. Бид бие биедээ хайртай байж, хувиа хичээсэн зангаа бусдын төлөө болгоход жаахан л сэтгэл хэрэгтэй болов уу.
Өвөг дээдсээс минь заяагдсан сайхан Монгол чанар газарт гишгэгдэж, хүн чанаргүй, хүний мөсгүй, хүний үнэргүй гэдэг үгсээр байраа сэлгэсэн мэт. Магад бид өнөөдөр "ХҮН ЧАНАР ХУДАЛДАЖ АВАХ" хэмжээнд хүрсэн нь ч энэ байж болох.
Угтаа хүн бүхэнд хэн нэгний тус дэм хэрэгтэй болдогийн адилаар танд ч бас бусдын тус дэм хэрэгтэй үе гарахыг үгүйсгэхгүй. Тиймдээ ч бид эртнээс "Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ" хэмээн бусдад туслаж, бусдын хэцүү үеийг хамт давж байвал эргээд хариу нь ирдэг юмаа гэдгийг л захиж, энэхүү үгээр төлөөлүүлж байсан биз. Тийм учраас Хөх толбот Монгол хүн та өөрийгөө бус өрөөлийг, биеэ бус бусдыг ч бас хайрлан энхрийлж, тусламжийн гараа сунгаж байхыг энэхүү бичвэрээрээ уриалах гэсэн юм.
Магадгүй та ч бас үүнийг бодоод үзээрэй. Хэрэв хүн чанарыг худалдаж болдог байсан бол худалдаж авах байсан уу.