Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ховд аймагт ажиллаж байх үеэрээ УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг багтаахаа мэдэгдлээ. Үүний сацуу дэд бүтэц, нийтийн тээвэр, зам, барилга байгууламжийн тендерт оролцож буй байгууллагуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах шалгуур үзүүлэлтийг тусгайлан зааж, дагаж мөрдүүлнэ гэх байр суурийг илэрхийлсэн.
Түүнчлэн Ерөнхий сайдын зүгээс одоогийн Засгийн газрын гишүүд болоод хууль хяналтын байгууллагад шалгагдаж буй улс төрчдийг намын жагсаалтад багтаахгүй гэдгээ мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, хэн намын жагсаалтад багтаж чадна, тэр хүн ирэх дөрвөн жилд улс төрд орох боломжоо атгалаа гэсэн үг. Басхүү Ерөнхий сайдтай баг болж ажиллах ёстой. Ийнхүү Ерөнхий сайд ирэх сонгуульд барих бодлогоо мэдэгдсэн даруйд жагсаалтын эхний тавд багтах тэр хүн нь хэн байх вэ гэдэг асуулт МАН төдийгүй улс төрийн хүрээнийхэн дунд анхаарал татаж байна.
Тэгвэл өнгөрсөн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудалд нийгэмд хүчтэй нөлөөлөгчдийн нэг байж, дуу хоолойг нь төр засагт хүргэх чиглэлд идэвхтэй байр сууриа илэрхийлсээр ирсэн хэд хэдэн хүмүүсийн нэрс таамагт багтаад байна. Тухайлбал, олон нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш оролцооны асуудлыг хөндөж ирсэн Буянжаргалын Болороог жагсаалтад багтах болов уу хэмээн таамгийг дэвшүүлж буй. Харин улс төрийн хүрээнд Ерөнхий сайдын зөвлөх Ч.Ундрахбаяр хамгийн өндөр магадлалтай нэгэн. Учир нь, Ч.Ундрахбаярын хувьд 2021 оны зургаадугаар сараас эхлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар Ерөнхий сайдад зөвлөж буй бөгөөд түүний хэлж, ярьж чиглүүлсэн бүхнийг Ерөнхий сайд Засгийн газрын түвшинд бодлого болгон ярьж яваа.
Хоёрдугаарт, Ерөнхий сайд ирэх сонгуульд шинэ залуу үеийнхнээр багаа бүрдүүлнэ гэдгээ хэдийнэ мэдэгдээд байгаа ба намын даргын хувьд жагсаалтаа өөрийн хүмүүсээр бүрдүүлэхийг хичээх нь ойлгомжтой.