Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Чимээтэй номын санд ХОНОЖ үйлчлүүлэх боломжтой

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
3 минут 42 секунд

"Чишш, чимээгүй" гэх номын сангийн "АЛТАН" дүрэм. Гэхдээ энэ дүрэм өнөөдөр 180 градус өөрчлөгджээ. Учир нь номын санд чимээгүй байх ёстой гэх хэвшмэл ойлголт хэдийн өөрчлөгдөж, нэгэн хэвийн анир чимээгүй орчин баяр хөөрөөр хувьсан өөрчлөгдсөн аж.

Хэдхэн хоногийн өмнө нийслэл Улаанбаатар хотод "Loud Library" буюу "Чимээтэй номын сан" үүд хаалгаа нээж, олон үйлчлүүлэгчийг хүлээн авсан байна. Энд 8 настай балчираас 80 настай буурал ч мөн үйлчлүүлэх бүрэн боломжтой бөгөөд заавал чимээ гаргахгүй байх бус ямар ч чимээ гаргаж болох аж. Нэг ёсондоо хэвшмэл ойлголтыг л өөрчилсөн хэрэг.

Иймд Ubn.mn сайтын сурвалжлах баг "Чимээтэй номын сан"-г зорьж дараах сурвалжилгаа бэлтгэлээ.

ХУД, 17-р хороо, Sky Garden Residence

Номын сан руу орох төдийд нэг л сэтгэл татам. Ялангуяа хүүхдүүдэд тав тухтай, таатай орчинг бүрдүүлэх гэж хамаг сэтгэл зүрхээ гаргасан нь илт. Энд унтаж болно. Тоглож болно. Интернэт орчинг ашиглан хайлт бас программ дээр ч ажиллаж болох аж. Бүр хаана ч суугаад хүссэн номоо унших боломжтой гэнэ.

Бид тус номын сангийн үүсгэн байгуулагч Б.Идэржавхлангаас мэдээлэл авахад,

"Хүүхэд гэр бүлийнхээ гишүүдтэй хамт номын санг зорьж, ном уншвал илүү сэтгэн бодох чадвар нь хөгждөг. Түүнээс гадна зарим газруудыг ажиглаад байхад хүүхдийг хүссэнээр нь тоглуулахгүй дууг нь хориод байдаг юм шиг санагдсан. Гэтэл хүүхдүүдийн хувьд аль болох чимээ гаргаж, инээж хөөрөлдөж байж илүү хөгждөг. Тиймээс номын сангаа "Чимээтэй номын сан" гэж нэрлэсэн.

Мөн номын санд маань 12-оос доош насныхан эцэг, эх, асран хамгаалагчтайгаа ирж үйлчлүүлэх юм. Түүнчлэн ирэх долоо хоногоос номын сангаа 24 цагийн үйлчилгээтэй болгохоор ажиллаж байна. Энд анги хамт олонтойгоо, эцэг, эхтэйгээ хамт ирж, сургалтад хамрагдаж бас номын сандаа хонох бүрэн боломжтой" хэмээсэн юм.

Гэхдээ чимээ гаргах боломжтой гээд хүссэн зоргоороо орил гэсэн үг биш юм. Харин бусдыгаа хүндлэх хэрэгтэй гэдгийг ч сануулах нь зүйн хэрэг. Мөн тэнд буй бүхий л эд хэрэгсэл, ном товхимолд өөриймсөг хандах хэрэгтэй юм.

Мөн тус номын санд эхний ээлжинд 2000 хүн гишүүнчлэлийн карт авах боломжтой талаар маркетингийн менежер У.Бат-Эрдэнэ хэлсэн юм. Мөн тус номын сангаар контент бүтээгчид ч ирж үйлчлүүлж, зай талбайг нь ашиглах боломжтой гэв.

Үүд хаалгаа нээсэн цагаасаа эхлэн хүмүүсийн анхаарлыг татсан энэхүү номын сангаар үйлчлүүлэгчид бүгд ам сайтай байгаа бөгөөд доторх орчинг ч мөн илүүтэй сонирхоно. Түүнчлэн цаашид чимээтэй номын сангийн үйл ажиллагаа жигдэрч, өөрсдийн гэсэн тодорхой хэв маягтай болж, олон дугуйлан секцүүд ч ажиллаж боломжтой аж.

Натурын гүүрнээс S.Outlet дэлгүүр хүртэлх замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана
Натурын гүүрнээс S.Outlet дэлгүүр хүртэлх замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.