Сүхбаатар дүүргийн 11-р хороо Хангай хотхон 513-р байрны 5 давхарт гал гарч байна гэсэн дуудлага НОБГ-т ирсэн байна. Дуудлагаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүн хүрэлцэн очиход иргэн С-ын эзэмшлийн 37мКв байранд ахуйн газ дэлбэрсэн байсныг холбогдох байгууллагаас шалгаж байна.
Шалгалтаар ноцтой зөрчил илэрсэн гэж НОБГ-аас мэдээллээ. Тодруулбал, иргэн С-ын дүү Б-аас тодруулахад "Тус байранд тог тасарч ахуйн хэрэглээндээ газын плетка ашиглаж байгаад цахилгаан плеткан дээр орхисон байна. Цахилгаан плетка тог тасрахад залгаатай байсныг хэн нь ч анзаараагүй аж. Ийнхүү газ дэлбэрч, гал гарсан" гэжээ. Золоор хүний амь нас эрсдээгүй байна.
Мөн өнгөрсөн долоо хоногт Налайх дүүрэгт байрлах нэгэн айлын хийн баллон дэлбэрсний улмаас гэртээ байсан хоёр хүү хүндээр түлэгдсэн харамсалтай хэрэг гарсан. Түлэгдсэн хоёр хүүхэд одоогоор Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн тасгийн Сэхээн амьдруулах тасагт хэвтэн, эмчлүүлж байгаа юм.
Ахуйн хэрэглээний шингэрүүлсэн шатдаг хийн баллоныг зөв хэрэглэхгүй бол аюулын эх үүсвэр болдог. Хийн баллоныг буруу тээвэрлэж, хэрэглэж, хадгалснаас дэлбэрч эрүүл мэнд, эд хөрөнгө, улмаар амь насаараа хохирч байна.
Иймд:
Хийн баллоныг дулаан үүсгэгч буюу халаах хэрэгслээс 1.5 метр, ил галаас таван метрээс доошгүй зайд байрлуулах
Хийн тоног төхөөрөмжийг ажиллуулж байх үед хараа хяналтгүй орхихгүй байх
Агааржуулагч ажиллуулах эсвэл өрөөний салхивчийг нээлттэй байлгах
Баллон солих үед ил гал гаргахгүй байх, цахилгаан тоног төхөөрөмжийг салгасан байх
Хийн тулга /плитка/-н дээр болон түүний ойролцоо амархан шатах эд зүйлс байрлуулж болохгүй
Хийн төхөөрөмжийг ажиллуулж дууссаны дараа баллоны хаалтыг заавал хаах
Хийн плитканы хаалтыг зориулалтын бус зүйлээр /бахь, чимхлүүр, хөшүүрэг гэх мэт/ эргүүлж болохгүй
Хийн хоолойноос уяа уяж юм хатааж болохгүй
Бага насны хүүхэд болон хийн тоног төхөөрөмж ашиглах дүрмийг мэддэггүй хүнээр хийн тоног төхөөрөмжийг ажиллуулахгүй байх
Хийн төхөөрөмжтэй газар унтаж болохгүй
Хийн баллоныг нарны гэрлийн шууд тусгалаас хамгаалах буюу хэт халааж болохгүй
Хангагч байгууллагаас олгосон хэрэглэгчийн дэвтэр, зааварчилгааг мөрдөж ажиллах
Агуулах, амбаарт дүүрэн шингэрүүлсэн хийтэй баллон хадгалахыг хориглоно.
Түүнчлэн өрөөнд 50 литрийн багтаамжтай нэг баллон, эсвэл 27 литрийн багтаамжтай хоёр баллон (нэг нь нөөц) байлгахыг хориглоно.
Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР