НИТХ-ийн хуралдаанаар Нийслэл 500 орчим тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж, түүгээр хөрөнгө оруулах төслүүдээ танилцуулсан. Үүнээс 177.5 тэрбум төгрөгөөр БНХАУ-аас хагас коксжих нүүрсийг асаагуурын хамт худалдан авч 45 хоногийн хугацаанд шатаах туршилт хийнэ гэх талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ярьсан юм.
Тэгвэл өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар түлшний чанарыг сайжруулах, технологийн шинэчлэл хийх талаар хийсэн судалгаа, шинжилгээ, тооцооллын талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн технологийн шинэчлэл хийх, шахмал түлшний чанарыг олон улсын стандартын түвшинд хүргэх, хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулахыг Ерөнхий сайд Эрчим хүчний сайдад даалгалаа.
Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Нисэх, Яармагийн орчим, Налайх дүүрэг болон Дархан-Уул аймгийн гэр хорооллын 26,825 айл өрхөд 2023 оны арванхоёрдугаар сарын 15-наас хагас коксон шахмал түлшийг асаагчийн хамт нийлүүлэх тооцооллыг боловсруулжээ. Эдгээр гурван байршлын айл өрхүүдийг хагас коксон шахмал түлшээр хангахад 24,500 тонн хагас кокс, асаагчийн зардалд нийт 32 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдах аж.