Өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар байгуулагдсан Нүүрсний сонсголыг зохион байгуулах Ажлын хэсгийн хуралдаан болж Түр хорооныхоо даргыг сонгосон. Ингэхдээ Хянан шалгах түр хорооны даргад С.Ганбаатар өөрийн нэрийг дэвшүүлсэн боловч олонхийн саналаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар даргаар сонгогдсон. Тэгвэл Хянан шалгах түр хорооны үйл ажиллагаа болон бусад цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн С.Ганбаатараас тодруулга авлаа.
-Нүүрсний асуудлаарх ажлын хэсгийн хуралдаан болж, удирдлагын асуудлаа шийдвэрлэлээ. Хуралдааны процесс хэрхэн өрнөсөн талаар та мэдээлэл өгөхгүй юу. Түр хороо удирдлагынхаа асуудлыг шийдвэрлэлээ шүү дээ?
-Би нүүрсний асуудлаарх түр хороог ахлаад явъя гэх саналыг намрын чуулганы төгсгөлд илэрхийлж байсан. ЭТТ ХК-ийн үйл ажиллагаанд хийсэн аудитын дүгнэлтийн 3.10-т Ерөнхийлөгч, Засгийн газар, үе үеийн сайд нар нь энд оролцсон байна. Ингэхдээ зах зээлийн зарчмаар нь ажиллуулаагүй буюу үүнд улс төрийн шийдвэр гаргаж мөнгө идсэн, түүнийг сонгуульд зарцуулсан байна гэх дүгнэлтийг аудитаас гаргасан. Хоёрдугаарт, УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн санаачлагчдын нэг нь би шүү дээ. Энэ хуулийг санаачлахад Фредрих Эбертийн сангаас хуулийн төслийн загварыг Германаас авч байсан. Ийнхүү алдаа оноог нь харж, Монголд тохирох эсэх талаар ярилцаж байхад "Аливаа хяналт шалгалтын түр хороог сөрөг хүчин удирдана" гэх заалтыг "Сөрөг хүчин орж болно" гэдэг байдлаар оруулсан. Оюутолгой дээр 20-иод жил доромжлуулж, сайн муугаараа дуудуулж явлаа. Би туршлагатай. Олон нийт надад итгэдэг гэдэг утгаараа би Түр хороог ахалъя гэсэн. Хэрэв Засгийн газрын гишүүн ахлахаар болчихвол өөрөө өөрийгөө шалгах болчихоод байна. Дарга цэрэгт дуртайдаа биш. Би үргэлж ард түмэнтэйгээ цуг байсан. Би үргэлж сөрөг хүчин байсаар ирсэн. Энэ утгаараа би ард түмнийхээ өмнө хариуцлага үүрмээр байна гэсэн. Гэхдээ олонхоороо шийдчихлээ. Ямартай ч Түр хорооны даргыг сайн ажиллана гэж найдаж байна. Ажлын хэсэгт байх, ажлын хэсгийн ахлагч байх хооронд нэг ялгаа бий. Түр хорооны дарга хэвлэл мэдээлэлд бүх мэдээллийг өгөх ёстой. Ажлын хэсгийн гишүүн түр хорооны даргын хажуугаар юм яриад байх нь хүнд.
-Ажлын хэсгийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Т.Доржхандын зүгээс өөрийг тань Түр хорооны даргад нэрээ дэвшүүлсэнтэй холбоотойгоор "Нүүрсний гэх тодотголтой пирамидын орой дээр нь байгаа Х.Баттулгатай хөтлөлцөөд явж байгаа хүн шүү дээ" хэмээх шүүмжлэлтэй байр суурийг илэрхийлсэн?
-Хүмүүс Т.Доржхандыг эрх баригчдын өвөрт орчихсон байна гэж яриад байна лээ. Би 20 жил эрх баригч нартай үзэлцэж байгаа. Би эрх баригч нарын өвөрт орж, тэдэнтэй хөтлөлцөөгүй. Харин эрх баригч нартай үзэлцэхийн тулд би бие дааж үзлээ. Иргэний хөдөлгөөнийхнийг байгуулж үзлээ. ХҮН намыг ч байгуулж үзсэн. Тэр Т.Доржхандын нам чинь миний байгуулсан нам шүү дээ. Гудамжинд байгаа нам болгонтой, хүч болгонтой би хүчээ нэгтгэдэг. Ийм л энгийн зүйлийг ойлгохгүй. Би эрх баригчидтай тэмцэхэд гудамжинд шаналж зовж байгаа бүх хүчнүүдтэй хүчээ нэгтгэж ажиллана.
-Таны хувьд саяхан МоАХ-ын шугамаар орон нутагт ажиллаад ирсэн юм билээ. Ямар оролцоотой явсан бэ?
-Маш гоё уулзалт болсон. Өөрийгөө дарга гээд бодчихсон улсууд ардчиллыг яах уу гэж ярихын оронд ардчиллын эцэг болсон ард түмэнтэйгээ уулзах нь хамгийн чухал шүү дээ. Ардчилал гэдэг бол ардаар засаглах гэсэн үг. Засаглаж байгаа хүмүүстэйгээ уулзана гэдэг бол ардчилал юм.
-Түр хорооны асуудлаа үргэлжлүүлэн тодруулья. Ер нь өнгөрсөн хугацаанд түр хороон дээр нүүрсний сонголтой холбоотой нотлох баримт хэр цуглав. Бэлтгэл ажил хэр байгаа вэ гэдэгт олон нийт хариулт авахыг хүсэж байгаа байх?
-Г.Ганболд гишүүн маш сайн ажилласан. Сайн ажилласан учраас улс төрчид зогсоосон шүү дээ. Буруу ажилласан бол гурилдаад л дуусах байсан байх. Сайн ажилласан учраас наад ажлаа зогсоо гэдэг бичиг АТГ-аас ирсэн шүү дээ. Хоёр гэрээг ил болгож чадаагүй байгаа. Одоо хүртэл ил болгохгүй байна. Гэхдээ би мэднэ. Тэр бол том луйвар.
-Ил болгоогүй байгаа гэх хоёр оффтейк гэрээтэй холбоотой асуудал өмнөх Түр хорооны судалж байсан асуудлууд дунд ч бий юу?
-Оруулалгүй яахав. Тэр гэрээг БНХАУ-ын аль эсвэл гадаадын компаниудтай хийхдээ гэрээг ил болговол олон сая долларын өрөнд унана шүү гэж хийсэн. Энэ нь монголын улс төрч, луйварчдад ашигтай. Хэрэв би түүнийг чамд ил болговол Монголын тал асар олон сая долларын өрөнд орохоор байгаа. Гэрээн дотор нууцлаад байх зүйл байхгүй. Зүгээр л хулгай.
-Таны хувьд Г.Ганболд гишүүнийг сайн ажилласан гэж байна. Тэгвэл шинээр томилогдсон Түр хорооны даргад та ямар итгэл хүлээлгэж байгаа вэ?
-Би Т.Доржханд шиг хүн ярьдаггүй. Урьдчилж хүнийг тааруу байх гэж ярьдаггүй. Г.Ганболд сайн ажилласан гэдгийг хэлье. Х.Нямбаатар Засгийн газрын гишүүний хувьд ажиллахад зохимжгүй. Ажиллахдаа сайн ажиллаасай гэж бодож байна.
-Ярилцсанд баярлалаа.