Өнгөрөгч долоо хоногт АТГ-аас С.Эрдэнэд холбогдох хоёр тэрбум төгрөгийн хахуулийн хэргийг прокурорын байгууллагад хүргүүлсэн байдаг. Тодруулбал, түүнийг ХНХ-ийн сайдаар ажиллаж байхдаа тухайн үед Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан "Фортуна" Н.Батбаяртай үгсэн тохиролцож хахуульд авсан хоёр тэрбум төгрөгийнхөө эх үүсвэрээ нуун далдлах зорилгоор өөрийн хамаарал бүхий "Молор трейд" ХХК-ийн нэрээр махны зоорь барьж, мөнгө угаасан гэх гэмт хэрэг үйлдсэн хэмээн шалгаж буй. Тэгвэл тус хэргийн талаар АН-ын дарга асан С.Эрдэнээс өөрөөс нь тодрууллаа.
-Танд холбогдуулан шалгаж байгаа хэргийг АТГ-аас шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ. Та энэ хэрэгт тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-2020 оны дөрөвдүгээр сард экс Ерөнхийлөгч Х.Баттулгын захиалгаар энэ эрүүгийн хэргийг үүсгэсэн. Дөрвөн жил шалгаж байна. Хоёр удаа хэрэгсэхгүй болгох саналтайгаар прокурор руу буцсан байдаг. Дөрвөн жилийн хугацаанд надаас гурван удаа тайлбар байцаалт авсан. Тэгээд өнөөдрийг хүртэл шийдээгүй л явж байна. Ямар учиртай ингээд байлгаад байдгийг би ойлгодоггүй.
-Хохирлын тухайд?
-Надад үүсгэсэн энэхүү эрүүгийн хэрэг нь өөрөө хохирол шаарддаг зүйл ангитай. Гэтэл хоёр удаа шинжээч томилогдож дүгнэлтээ гаргахад ямар ч хохирол тогтоож чадаагүй. Нэг төгрөгийн ч хохирол тогтоогдоогүй. Хоёр тэрбум төгрөг гэдэг нь ч худлаа. Би шүүх прокурорын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаг. Дахин хэлье. Хоёр удаа шинжээчийн бүрэлдэхүүн ажиллаад нэг төгрөгийн ч хохирол тогтоож чадаагүй хэрэг дээр хаанаас нь хоёр тэрбум төгрөг гаргаж ирээд байгаа юм бэ.
-Тус хэрэгт таныг хамаарал бүхий компаниараа дамжуулан мөнгө угаасан хэмээн үзэж буй юм билээ шүү дээ?
-Манай охин энэ асуудалтай холбогдоод байгаа компанийн хувьцаа эзэмшигч байсан. Хувьцаа эзэмшигчийн хувьд өөрийнхөө хувьцааг барьцаалаад тухайн компаниасаа гурван жилийн хугацаатай хоёр тэрбум төгрөгийг зээлсэн. Тухайн хоёр тэрбум төгрөгөө төлөх хугацаа нь дөхөхөд төлөх боломжгүй байсан учраас өөрийнхөө хувьцааг тухайн компанийн зээлийн өр төлбөртөө өгсөн. Ийм л зүйл болсон. Өөр асуудал байхгүй.
Энд гэмт хэргийн шинжтэй ямар ч зүйл байхгүй. Хувьцаа гээд л байдаг. Манайх зах зээлийн эдийн засагтай улс орон шүү дээ. Хувьцаа арилжих нь зах зээлийн зарчим биз дээ. Хэн хэдэн төгрөгөөр ямар хувьцаа худалдаж авах нь зах зээлийн чөлөөт харилцаа биз дээ. Тийм харилцаанд орсныхоо төлөө би аль эсвэл миний охин ч юм уу гэмт хэрэг үйлдсэн мэтээр хэн нэгэнд хэлүүлээд байх нөхцөл байдал байхгүй гэж би харж байна.