Сүүлийн үед цахим орчинд “Эрдэнэс Монгол” ХХК-тай холбоотой гараад буй мэдээллийн талаар тус компанийн Хүний нөөцийн удирдлагын хэлтсээс тодрууллаа.
-Эрдэнэс Монгол ХХК-д юу болоод байна вэ. Ажлаас халагдсан гэх нэг ахлах менежер бүх ажилтнууд руу бичсэн захиагаа зарим сайтад нийтэлсэн байна. Энэ ямар учиртай вэ?
-Монгол Улсын Засгийн газраас төрийн өмчит компанийн үр ашиг, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, ил тод болгох зорилго тавьсны хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн 88 ажлын байранд “Нээлттэй сонгон шалгаруулалт” зарлахаар шийдвэрлэсэн. Үүний хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-д сонгон шалгаруулалтаар орж ирсэн ажилтныг тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтын хугацаагаар ажиллуулах гэрээ байгуулан ажиллуулсан. Үүнээс 5 ажилтан туршилтын хугацаанд ажлын байрандаа тэнцэхгүй байсан тул хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг хуульд заасны дагуу дуусгавар болгосон. Дээрх ажилтны нэг нь ажил олгогчийн шийдвэрийн талаар байгууллагын удирдлага болон ажилчдад цахим шуудан илгээсэн бөгөөд тухайн захидалд дурдсан асуудал нь үндэслэлгүй мэдээлэл байсан. Бусад ажилтнуудын хувьд Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байна.
-Тухайн ажилтны гэрээг сунгаагүй үндэслэл яг юу вэ? Ямар хуулийн заалтын хүрээнд гарсан шийдвэр вэ?
-Тухайн ажилтныг хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2-т заасны дагуу туршилтын хугацаагаар ажиллуулах гэрээ байгуулан ажиллуулсан. Туршилтын хугацаанд ажил үүргээ хангалтгүй биелүүлж ажилласан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа гурван сараас илүүгүй байх бөгөөд харилцан тохиролцсоноор нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болно гэж заасны дагуу тухай ажилтантай харилцан тохиролцож, дахин туршилтын хугацааг 3 сараар сунгаж, ажлаа сайжруулах боломж олгосон ч ажлын ахиц дэвшил, үр дүн гаргаагүй тул ажлын байранд тавигдах ур чадварын шаардлага хангаагүй, үндсэн чиг үүргийн ажлаа гүйцэтгэж чадаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй гэж үзэн Туршилтаар ажиллуулах гэрээг дуусгавар болгосон. Туршилтын гэрээг нэг удаа байгуулж, 1 удаа сунгаад нийт 6 сарын дараа дуусгавар болгох шийдвэр гаргасан гэсэн үг.
-Ер нь “Эрдэнэс Монгол” дээр сонгон шалгаруулалт явагдаж, түүгээр халагдсан гэх хүмүүсийн хөдөлмөрийн маргаан нэлээд сонсогдох боллоо. Түрүү жил халагдсан 46 хүн шүүхдээд 11 ялсан, 35 нь удахгүй орно. 2022 оны нөхөн олговор 760 сая, энэ жил 2 тэрбум гэсэн тоо яригдаад байна. Энэ ямар үндэслэлтэй вэ?
-Сонгон шалгаруулалт зарлахаас өмнө Эрдэнэс Монгол ХХК-д 62 ажилтан хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байснаас 7 ажилтан нь хүүхэд асрах чөлөөтэй байсан. Үүнээс хөдөлмөрийн тухай хуулийн 135.1-д “аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” гэж заасны дагуу хүүхэд асрах чөлөөтэй 7 ажилтан болон 0-3 хүртэл насны хүүхэдтэй, жирэмсэн 9 ажилтан, нийт 16 ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд үргэлжлүүлсэн. Үлдсэн 46 ажилтанд холбогдох тушаал шийдвэрийн хүрээнд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох мэдэгдлийг хүргүүлсэн, гэхдээ сонгон шалгаруултад оролцох эрх нь нээлттэй үлдсэн. Эдгээрээс 8 ажилтан сонгон шалгаруулалтад тэнцэж буцаж томилогдсон бөгөөд 38 ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Ажилтны төлөөлөлтэй хийсэн хэлцлийн дагуу буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх заалт болон Хамтын гэрээнд заасны дагуу Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан 38 ажилтанд холбогдох тэтгэмжийг олгосон. Захидалд дурдагдсан тэтгэмжийн хэмжээг худлаа бичсэн, дахин нилээд зардал гарах мэтээр огт үндэслэлгүй зүйл бичсэн байна лээ. Цаашид ажлаас чөлөөлөгдсөн тэтгэмжтэй холбоотой зардал гарахгүй.
Хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон 38 ажилтнаас 11 ажилтан тухайн шийдвэрийг эс зөвшөөрч, Шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд яг одоогоор шүүхээс ажилд буцаан томилох шийдвэр гарсан тохиолдол байхгүй байна. Одоогийн Гүйцэтгэх удирдлагын тушаалын хүрээнд маргаан үүсгэсэн ажилтнуудын шүүх хурал эхлээгүй байгаа бөгөөд Компанийн зүгээс хэлцэл хийж Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болсон тул шүүхийн явцад компанийн байр суурийг хамгаалж ажиллана. Үндсэндээ бүх зүйл хуулийн дагуу явж байгаа гэсэн үг.