Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан автомашинуудыг тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна. Энэ үеэр Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Очирбат "Хүүхэд замын хөдөлгөөний аюулгүй байдал нэгдсэн арга хэмжээг есдүгээр сарын 15 хүртэл явуулахаар төлөвлөсөн. Үүний хүрээнд ЕБС-ийн багш, нийгмийн ажилтан болон эцэг, эхчүүдэд чиглэсэн сургалт, соён гэгээрүүлэх ажил арга хэмжээг зохион байгуулна.
Нийслэлийн нийтийн тээврийн газар болон Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран нийтийн тээврийн хэрэгслийг нэгдүгээр эгнээгээр чөлөөтэй зорчуулах чиглэлд хамтран ажиллана. Түүнчлэн түгжрэл сааталтай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих чиглэлд анхаарч ажиллана. Зөрчлүүдийг камерийн хяналт болон цагдаагийн алба хаагчийн тусламжтайгаар илрүүлж, тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хаягаар торгуулийг хүргүүлэх ажлыг хийж байгаа. Тухайлбал, камерийн хяналтаар өдөрт улсын дугаарын хязгаарлалттай хөдөлгөөнд оролцох захирамжийг зөрчсөн зөрчилд 1600-1800 зөрчлийг илрүүлж, торгууль шийтгэл оногдуулах ажил хийгдэж байгаа. Энэ ажил үргэлжилнэ" гэлээ.