Жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар “Аримун” продакшн байгуулж, дэлгэцийн эхний уран бүтээлээ “Халуун зүрх” нэртэйгээр 2019 онд хүргэснийг үзэгчид эчнээ мэдэж буй. Эл уран бүтээлээрээ “Улаанбаатар” олон улсын кино наадмын шилдэг продюсер номинацад шалгарч, Индонез улсын Жакарта хотод зохион байгуулдаг “International’s screen awards” наадмын мөн шилдгээр тодорч байв. Тэгвэл тус продакшн удаах уран бүтээл “Хүний ээж”-ээ үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ. 2019 онд анхны уран бүтээлээ цацсанаас хойш дөрвөн жилийн дараа Аримун продакшны "хоёр Ганаа" шинэхэн киногоо үзэгчдэд хүргэх гэж буй нь энэ юм. "Халуун зүрх" киногоороо олон нийтээс өндөр үнэлгээ авч чадсан тэдний "Хүний ээж" кино ч үзэгчдийн дунд хүлээлт үүсгэж амжаад байгааг энд дурдах нь зүй.
“Хүний ээж” киноны зохиолыг А.Ганчимэг бичиж, Гавьяат жүжигчин Д.Ганцэцэг найруулсан байна. Дүрүүдэд тэднээс гадна “Илд цэцэг”, “95 хувь” зэрэг киног найруулсан найруулагч П.Дэлгэрбаяр, “Gangbay” хамтлагийн гишүүн Баянаа буюу С.Баянмөнх нар тогложээ. Киног ирэх сараас кинотеатруудаар гаргах аж.