Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БХ-ын сайд Г.Сайханбаяр: Залуу офицеруудад тулгамдаж буй асуудлыг ул суурьтай хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлно

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
9 минут 34 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын чуулган”-ыг угтаж “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудад тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний хурлыг нээж Батлан Хамгаалахын сайд Г.Сайханбаяр үг хэлсэн юм. Тодруулбал тэрбээр хэлсэн үгэндээ "Эрхэм генерал, офицерууд аа. Эрхэм эрдэмтэн, судлаачид, хүндэт зочид, төлөөлөгчид өө. Та бүхний энэ өдрийн амрыг эрэн мэндчилье. Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг батлан хамгаалах, амар тайван, аюулгүй байдлыг хангах, хөгжил, дэвшлийг цогцлоох их үйлсэд хувь нэмрээ оруулан хүчин зүтгэж, ирээдүйг түүчээлэн авч явах Эрхэм залуу офицерууд Та бүхэнтэй зохион байгуулж байгаа “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудад тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг нээж байгаадаа туйлын баяртай байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оныг “Залуу офицеруудын жил” болгон зарлаж, улмаар өөрийн ивээл дор “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын чуулган”-ыг зохион байгуулах шийдвэр гаргасан. Монгол Улс бол залуусын орон. Манай улсын нийт иргэдийн 30 орчим, хөдөлмөрийн насны иргэдийн 50 гаруй хувийг 18-35 насны залуучууд эзэлдэг бол Төрийн цэргийн байгууллагуудын дийлэнх цөмийг мөн залуучууд бүрдүүлж байна. Залуусынхаа санаа бодлыг сонсож, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэн, тэдний хөгжлийг дэмжиж байх учиртай. Үүнд төр, засгийн зүгээс анхаарал хандуулж, залуучуудын хөгжлийн үндэсний болон бүс, орон нутгийн чуулган, зөвлөгөөнийг тодорхой давтамжтайгаар зохион байгуулсаар ирсэн. Батлан хамгаалах салбарын хувьд ч гэсэн уг асуудалд анхаарч, 1986 онд “Залуу офицеруудын армийн зөвлөгөөн”-ийг зохион байгуулж байсан бол Зэвсэгт хүчний хэмжээнд 2006 онд “Тэргүүний залуу офицеруудын зөвлөгөөн”, 2014 онд “Зэвсэгт хүчний анги, салбарын тэргүүний алба хаагчдын зөвлөгөөн”, 2021 онд “Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын тэргүүний рот (батарей), салааны захирагч нарын зөвлөгөөн” зэргийг зохион байгуулж байсан түүхтэй. Улмаар залуучуудтай явуулах дээрх арга хэмжээ энэ жил цар хүрээгээ улам тэлж, өргөжүүлж Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудыг хамруулан, анх удаагаа зохион байгуулагдахаараа онцлогтой болох болно.

Чуулганыг угтаж Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын манлайлах, мэргэжлээрээ бахархах, мэдлэг, ур чадвар, албандаа хандах хандлага, итгэл үнэмшлийг дээшлүүлэх, урам зоригийг нэмэгдүүлэх, хамтын нөхөрлөлийг бэхжүүлж, нийгмийн идэвхийг өрнүүлэх, тэдний гэр бүл, хөгжлийг дэмжихэд чиглэсэн олон талт ажил, арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-той уялдуулан Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай болон Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулиудад алба хаагчдын нийгмийн хамгаалал, ажиллаж амьдрах боломж, нөхцөлийг сайжруулахтай холбогдсон эрх зүйн зохицуулалтуудыг тусгуулан шийдвэрлүүлэхээр УИХ, ЗГ-ын түвшинд ажиллаж байна. Түүнчлэн 2023 онд Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан Засгийн газрын тогтоолоор төрийн албан хаагчдын цалин, хөлсийг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 26-50 хувиар нэмэгдүүлж нийгмийн хамгааллыг тодорхой түвшинд сайжруулсныг Та бүгд мэдэж байгаа.

Мөн чуулганыг угтан олон арга хэмжээг бид хамтран зохион байгууллаа. Тухайлбал, “Залуу үе-Эх орны ирээдүй” сэдэвт сургалтад Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд нийслэл болон хөдөө орон нутгийн Ерөнхий боловсролын сургуулийн 7800 гаруй сурагчийг хамруулан тэднийг эх оронч, үзлийг төлөвшүүлэхэд хувь нэмэр орууллаа. 2023 оны 06 дугаар сард явагдсан “Залуу офицер-Байгаль орчноо хамгаалъя” цэвэрлэгээний аянд 1000 гаруй залуу офицер нэгдэж, Богдхан уул, Туул голын урсцыг сайжруулахад хувь нэмрээ оруулж, нийгмийн үүрэг, хариуцлагаа ухамсарлан, бусдыг манлайллаа.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийслэлийн Налайх дүүргийн нутагт 1.2 га талбайд “Залуу офицер-ногоон ирээдүй” уриатай мод тарих арга хэмжээг зохион байгуулж, 10 гаруй байгууллагын 200 орчим залуу офицер хамрагдаж, 1200 орчим улиас, бургас модны суулгацыг тарьж ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүллээ. Залуу офицеруудад тулгамдаж байгаа өнөөгийн зарим асуудлыг тодорхойлох зорилгоор “Монгол цэрэг, Эх оронч залуучуудын холбоо” Гишүүдэд үйлчлэх төрийн бус байгууллагатай хамтран явуулсан социологийн судалгаанд Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын 4200 орчим залуу офицер хамрагдсан зэргийг дурдахад таатай байна.

Тун удахгүй Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын шилдэг залуу эрэгтэй, эмэгтэй офицер шалгаруулах уралдаан, тэмцээнийг зохион байгуулах бол “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын чуулган”-ыг 09 дүгээр сарын 08-10-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэрт байрлах “Хар зүрхний Хөх нуур”-ын дэргэд Их Монгол Улс байгуулагдсаны 817 жилийн ойг билэгдэн Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын 817 залуу офицерыг оролцуулахаар төлөвлөн, бэлтгэл ажлыг хангаж байна.

Түүнчлэн чуулганыг угтсан томоохон арга хэмжээний нэг бол өнөөдөр Төрийн ордоны Их Монгол танхимд зохион байгуулагдаж байгаа “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудад тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хурал юм.

Эрхэм офицерууд аа! Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь залуу офицеруудад тулгамдаж буй асуудлуудыг сонсож, тэдний албандаа хандах хандлагыг сайжруулах, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтран ажиллах боломжийг бүрдүүлэхэд чиглэгдэж байгаа нь цаг үеэ олсон, чухал ухаалаг арга хэмжээ гэж үзэж байна. Монгол Улсын маань ирээдүйн эзэд, тэр дундаа Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залгамж халаа болох офицерууд Та бүхэн маань улс орныхоо тусгаар тогтнол, ард иргэдийнхээ амар тайван аюулгүй байдлыг хангахын төлөө хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэж, өргөсөн тангарагтаа үнэнчээр албан үүргээ нэр төртэй хааж байгаад миний бие, сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлье.

Залуу офицеруудыг манлайлах, албандаа тогтвор суурьшилтай, урам зоригтой ажиллах итгэл, үнэмшлийг дээшлүүлэх, ёс зүй, харилцаа, хандлагын хувьд зөв төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд оролцох үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, мэргэшсэн чадварлаг болгон, тогтвортой, тасралтгүй хөгжүүлж байх нь Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагын нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх гол ажил, үүрэг юм.

Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь залуу офицеруудын өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг ул суурьтай хэлэлцсэн, судалгаа, шинжилгээний үндэс дээр гаргасан, эрдэмтэн, судлаачидтай хамтран шүүн тунгаасан, шинжлэх ухаанч байр сууринаас хандсан, шийдвэрлэх гарц, гаргалгаа, арга замыг тодорхойлсон, бүтээлч санал, зөвлөмж гаргасан, тодорхой үр дүнд хүрсэн арга хэмжээ болно гэдэгт итгэл дүүрэн байна.

Та бүхний гаргасан санал, зөвлөмжийг төр, засгийн удирдлага дээд байгууллагуудад уламжлан шийдвэрлүүлэх талаар холбогдох бүхий л талын арга хэмжээг авч ажиллах болно. Мөн хуралд оролцож байгаа залуу офицерууд Та бүхнийг, хэлэлцэж буй үндсэн асуудал дотроос нэн тулгамдсан, гол зангилаа асуудлуудаа хөндөн ярилцаж, өөрсдийн санаа, бодлоо чөлөөтэй илэрхийлж, идэвхтэй байхыг хүсэж байна" хэмээлээ.

ШУУД: Архитектур төлөвлөлтийн 1642 даалгаврыг цуцална
ШУУД: Архитектур төлөвлөлтийн 1642 даалгаврыг цуцална
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.