Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Оюутолгойн асуудалд шинэ хуулийн фирмтэй хамтрах, айлын талтай зөвшилцөх зэрэг шаардлагын улмаас Арбитрын шүүх хуралдааныг дөрвөн сараар хойшлуулсан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 52 секунд

“Оюу Толгойн ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” Засгийн газрын 103-р тогтоолын хэрэгжилт, талуудын маргаантай саналуудыг Арбитрын шүүхэд хэлэлцэхтэй холбоотой асуудлаар өнгөрсөн долоо хоногт Засгийн газар хуралдсан байдаг. Тодруулбал энэ сард товлогдоод байсан Арбитрын маргаан хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 12 дугаар сар хүртэл хойшлуулах саналыг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар гаргасан тухай эх сурвалжийн өгсөн мэдээллийг бид өмнө нь хүргэсэн билээ. Тэгвэл уг асуудлаар бид тодрууллаа.

-Оюу толгойгоос Монголын талын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай ЗГ-ын тогтоолын хүрээнд хөрөнгө оруулагч талаас 90 орчим хувийн хэрэгжилтийг хангасан гэж үзэж байгаа. Татварт тавьсан акттай холбоотой гурван асуудлыг Рио Тинто компани хүлээн зөвшөөрөх боломжгүйгээ илэрхийлж байсан шүү дээ. Талуудын байр суурь өөрчлөгдсөн үү, яриа хэлэлцээр ямар шатандаа явж байгаа вэ?

-Одоогоор бид Рио Тинто компанитай зарчмын зөрүүтэй байгаа гурван асуудал дээр Арбитрын шүүх хуралдаанаас өмнө ойлголцолд хүрэх гэж ажиллаж байна. УИХ-ын тогтоолоор бидэнд 6 зүйл даалгасан. Түүний тавынх нь хэрэгжилтийг үндсэндээ хангаж ажилласан. Нэг зүйл нь Арбитрын маргаантай холбоотой асуудал. Түүн дотор 12 татварын хууль тогтоомжтой холбоотой маргааны асуудал үүссэн байсан гэсэн үг.

-Яагаад энэ сард хуралдах товтой байсан Лондонгийн Арбитрын шүүх хуралдааныг хойшлуулах санал гаргасан юм бэ?

-Уг асуудлаар Арбитрчид мөн хуралдсан. Ингээд энэ сарын 16-нд болох ёстой байсан Лондонгийн Арбитрын маргаан хянан хэлэлцэх шүүх хуралдааныг ирэх 12 дугаар сарын 31 болгох нь зүйтэй юм гэсэн шийдвэр гаргасан байгаа. Яагаад хугацааг хойшлуулах шаардлага байгаа вэ гэхээр бид Арбитрт маргаан үүсгэсэн нөгөө талтайгаа татварын нийт 12 асуудлаар зарчмын зөрүүтэй байр суурьтай байсан бол одоо түүнээс есөн асуудал дээр айлын тал буулт хийж ойлголцолд хүрээд санал нэгдэж чадсан. Одоо зарчмын зөрүүтэй гурван асуудал байгаа. Үүн дээр Рио Тинто компанитай ойлголцож, зөвшилцөх үүднээс Арбитрын шүүх хуралдааныг хойшлуулж цаг авсан.

-Засгийн газраас гаргасан сөрөг нэхэмжлэлийн хүрээнд Арбитрын шүүх дээр ЗГ-ын талд өмгөөллийн үйлчилгээ үзүүлж ирсэн Олон Улсын "Кинг Спалдинг" хуулийн компани энэ удаад өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхээсээ татгалзсан гэж сонссон. Яагаад гэнэт татгалзах болов?

- Тийм. Манайд хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа Кинг Спалдинг өнгөрсөн хавар Арбитрын маргаанд цаашид үргэлжлүүлэн оролцох боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Харин яагаад тус хуулийн фирм өмгөөллийн үйлчилгээнээсээ татгалзсаныг сайн мэдэхгүй байна.

- Тэгвэл одоо шинэ хуулийн фирмтэй хамтарч ажиллана гэсэн үг үү?

-Ерөнхийдөө шинэ хуулийн фирм авсан байгаа. Херберт Шмит гэдэг компани байгаа. Арбитрын маргаанд оролцож байгаа баримт болон бусад материалуудтай танилцах хугацаа хэрэгтэй учраас 4 сарын хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулсан бас нэг үндэслэл болсон гэж хэлмээр байна.

Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно
Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.